“Хүрээ” амаржих газар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа авах цахим систем нэвтрүүлжээ. Тус газрын удирдлагын зохион байгуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд уг судалгааг цахимаар авч эхэлсэн байна. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах зорилго тавьжээ. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлнэ гэж тус газраас мэдээлсэн юм. Сэтгэл ханамжийн судалгаа нь эмч, эмнэлгийн ажилтны, амбулаторийн үйлчлүүлэгчийн, хэвтэн эмчлүүлэгчийн гэсэн гурван хэсэгтэй. Тухайлбал, эмч, ажилтнуудыг үүнд хамруулснаар эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгох гэнэ. Судалгаанд оролцох QR кодыг тус эмнэлгийн орчинд болон цахим хуудас, нийгмийн сүлжээнд байршуулсан аж. Энэхүү судалгаа нь тодорхой хугацаагүйгээр тасралтгүй үргэлжлэх бөгөөд дүнг нь улирал тутамд нэгтгэж, олон нийтэд танилцуулах юм байна.
Бэлтгэсэн М.ОЧ