Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ бүхий хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн ням гарагт нээлээ. Уг ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрөгч долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус замыг гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбоотой зарим албан тушаалтныг шалгах ажиллагааг үргэлжлүүлж, хариуцлага алдсан хүмүүс, компаниудад хуулийн дагуу арга хэмжээ авах ёстойг сануулсан юм.
Дээрх бүтээн байгуулалтыг эхлүүлснээс хойш удаа дараа осол гарч, олон арван хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, улс орон ч эдийн засгийн алдагдал хүлээсэн. Тиймээс буруутай этгээдүүдэд заавал хариуцлага оноох ёстойг Засгийн газрын тэргүүн анхааруулжээ. Тэрбээр ард иргэдийг удаан хугацааны турш бухимдуулж, хохироодог, заавал Ерөнхий сайд очиж байж үүрэг даалгавар өгдөг явдал давтагдах ёсгүйг ч онцолсон юм. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг ирэх оны арваннэгдүгээр сард багтаан хоёр урсгал, дөрвөн эгнээгээр нь нээж, ашиглалтад оруулахыг үүрэг болгоод буй. Үүнтэй холбоотойгоор өвлийн улиралд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих бүх талын арга хэмжээг авахыг Ерөнхий сайд сануулав. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банкны зээлээр өнгөн хучилтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг яаралтай зарлан, дүгнэх, ирэх хоёрдугаар сард багтаан гэрээнд гарын үсэг зурж, бэлтгэл ажлыг хангуулах, ажлын хоцрогдол ихтэй талуудын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.