Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Зайрмагт хэмээх газарт уржигдар зам, тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Цогтцэций сумын төвөөс зүүн урд зүгт, 40 гаруй км-ийн зайд хоёр автомашин шатаж байна гэсэн дуудлага, мэдээллийг орон нутгийн иргэд аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 20.58 цагт ирүүлжээ. Алба хаагчид дуудлага хүлээн авснаас хойш цаг гаруйн дараа ослын газарт очиход “Шаанкси” загварын ачааны хоёр автомашины бүхээг, урд дугуй нь шатаж байжээ. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож Цагаан хад чиглэлд зорчиж явсан 43 настай Ж, 48 настай Ө нар газар дээрээ нас барсан байсан гэнэ. Онцгой байдлын аврагчид галыг хагас цагийн дотор унтрааж, тээврийн хэрэгсэл болон цогцсыг холбогдох байгууллагынханд шилжүүлжээ.
Бэлтгэсэн Н.Буян