-Нэгж талбарын тоог 3600, 3050 хэмээн зөрүүтэй мэдээлж эхлэв-
Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын газар нутгийг хамарсан Хөшигийн хөндийд хот байгуулалт, дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажил сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд үргэлжиллээ. Хөгжлийн ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөө, судалгаа, зураг төсөл зэрэг “бичигцаасны ажил” нь үндсэндээ жигдэрчээ. Шинэ суурьшлын бүсийн инженерийн дэд бүтцийн ажил (усан болонцахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга)-ыг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Үргэлжлүүлээд үерийн хамгаалалтын суваг байгуулах ажлыг эхлүүлэхээр БХБЯ-наас 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаад буй. 2023 оны төсөв баталсан даруйд худалдан авах ажиллагаа зарлаж, нэгдүгээр сарын 1 гэхэд шинэ хотын бүтээн байгуулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан байх гэнэ. Гуравдугаар сарын 1-нд дэд бүтэц, барилга, хот байгуулалтын ажлыг нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөжээ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хороо, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааныхан “Шинэ Зуунмод” төслийн ажлыг цаашид ямар ч бартаа саадгүй, шахуу төлөвлөгөөгөөр хэрэгжүүлэх нь гэсэн итгэл үнэмшил төрүүлэхүйц зүйлсийг ийнхүү ярьж, мэдээлсээр буй ч шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн, томоохон асуудал үүний цаана “нуугдсан” хэвээр байна.
Хөшигийн хөндийн 50 мянган га талбайд дагуул хотын төлөвлөлт хийсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд нэмэлтээр 19 390 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан билээ. Харин тухайн бүсэд 3200 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар ашиглагч, эзэмшигчийн бүртгэлтэй байсан юм. Үүний 1277 нь Төв аймгийн Сэргэлэн сумын иргэн, аж ахуйн нэгж бол үлдсэн нь нийслэл, өөр аймаг, сумынх байв. Хууль бусаар газар авсан, зориулалтын дагуу ашиглаагүй иргэдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагаа явуулсанд нь хуулийн дагуу нөхөн төлбөр олгох, эрхийг нь өөр газарт шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөснөө холбогдох албаны хүмүүс тухайн үед мэдээлсэн. Шинэ хотын бүтээн байгуулалтыг хугацаа алдалгүй эхлүүлж, саадгүй үргэлжлүүлэхийн тулд газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх, цаана нь байгаа хууль бус шийдвэрүүдийг ил болгож, арга хэмжээ авах үүргийг Ерөнхий сайд өнгөрсөн хоёрдугаар сард албаныханд өгсөн юм. Засгийн газрын тэргүүн Төв аймагт биечлэн очиж, хүмүүст үүрэг чиглэл өгсөн нь энэ болохоос биш, тухайн бүсэд газар чөлөөлөх ажлыг аль 2021 оны намраас эхлүүлсэн. Үндсэндээ жил гаруйн хугацаанд үргэлжилж буй гэсэн үг. Даанч энэ ажил яст мэлхийн хурдаар үргэлжилж байна.
Дагуул хот байгуулахаар улсын тусгай хэрэгцээнд авсан 19 390 га талбайд 3200 гаруй иргэн, аж ахуйн нэгж газартай учир мөн тооны нэгж талбарыг чөлөөлөх шаардлага үүссэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар гэхэд давхцалтай газрын зургаан хувь буюу 200 нэгж талбарыг чөлөөлөөд байв. Харин одоо нийт нэгж талбарын 30 орчим хувийг нь л чөлөөлжээ. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнгөрсөн долоо хоногт “Тус бүсэд газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн, аж ахуйн нэгжийн 1000-ынх нь байршлыг өөрчилж, шилжүүлсэн. Хууль бусаар газар өмчилж байсан зарим байгууллагын тусгай зөвшөөрлийг ч цуцалсан” хэмээн мэдээлсэн юм. Харин Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар(ГЗБГЗЗГ)-ын Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Алтантуяа “Одоогоор 359 нэгж талбарыг хүчингүй болгож, 578-ынх нь байршлыг өөр газар луу шилжүүлсэн” гэж хэллээ. 1000 ч биш, 938 нэгж талбар (29.3 хувь) чөлөөлсөн болж таарав.
Засгийн газар тус бүсэд мэргэжлийн байгууллагынхнаар үнэлгээ хийлгээд, эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулж байсан, барилга байгууламж, хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжид 50 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоо гаргасан. Тэгвэл үүнийг олгох журмыг Засгийн газар өдий болтол батлаагүй байгаа аж. Өнгөрсөн пүрэв гарагт болсон “Хөшигийн хөндий дэх Зуунмод хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт” хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд С.Амарсайхан ч үүнийг хэлж байна билээ. Газар чөлөөлөх, нөхөн төлбөр олгох ажил удааширсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулахаар болсноо дуулгасан. Л.Алтантуяа ч бодит нөхцөл байдлыг хэлсэн юм. Тэрбээр “185 нэгж талбар бүхий газар эзэмшдэг иргэн, аж ахуйн нэгжид 52 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгохоор тооцоолсон. Үүнийг улсын төсөвт үе шаттайгаар суулгуулахаар төлөвлөж, Засгийн газарт хоёр удаа санал хүргүүлсэн ч дэмжээгүй. Уг нь гурван жилийн дотор энэхүү нөхөн төлбөрийг олгоод, газрын асуудлыг бүрмөсөн цэгцлэх боломжтой гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Үүний дагуу 2022, 2023 оны төсөвт шаардлагатай зардлыг суулгуулахаар зүтгээд чадсангүй” хэмээн ярилаа.
“Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах ажлыг эхлүүллээ”, “Бусад аймаг, дүүрэгт түшиглэсэн шинэ суурьшлын бүс байгуулах эхлэлийг тавилаа”, “Бусад ажлыг 2023 оны хавраас нэгэн зэрэг эхлүүлнэ” хэмээх сурталчилгаа, бүх ажлаа төлөвлөсний дагуу саадгүй урагшлуулж буй мэт харагдах гэсэн оролдлогуудын цаадах бодит нөхцөл байдал ийм л байна. Хот байгуулах газраа бүрэн чөлөөлөөгүй, маргаантай асуудлаа цэгцлээгүй атлаа ерөнхий төлөвлөгөө, зураг төсөлтэй зууралдсаар хоёр оны нүүр үзэв. Түүгээр ч зогсохгүй зарим хэсэгт инженерийн дэд бүтцийн ажил эхлүүлэв. Засгийн газар нь газар чөлөөлөхдөө холбогдох хууль, журмын хүрээнд арга хэмжээ авахыг ажлын хэсгийнхэнд даалгасан атлаа нөхөн төлбөр олгох журам батлалгүй, шаардлагатай санхүүжилтийг нь төсөвт суулгалгүй гэдийсээр өнөөдрийг хүрлээ.
Газар чөлөөлөх ажил урагштай байгаа, иргэдтэй бүх шатанд ойлголцсон гэдэг мэдээллийг албаны хүмүүс, орон нутгийн удирдлага өгсөөр ирсэн. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Т.Төмөрчөдөр “Хот байгуулах зорилгоор 19 390 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргахад иргэд анх нэлээд эсэргүүцсэн. Улмаар БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгийн ЗДТГ-аас тэдэнтэй хэд хэдэн удаа уулзсаны дараа ойлголцсон. Улсын хэмжээний ажлыг дэмжих ёстой гэдэг шийдвэрт хүрээд зөвшилцсөн” гэж энэ оны хавар ярьж байв. Гэтэл өдгөө ч “Газраа төрд өгөхгүй. Бага хэмжээний нөхөн төлбөрт хууртахгүй” хэмээн төрийн байгууллагынхантай “үзэлцэж” буй иргэн цөөнгүй байгааг орон нутгийн нэгэн эх сурвалж хэллээ.
Хөшигийн хөндийд газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээлэл нууц буй. Үүнийг хаанаас харах, мэдэх боломжтойг БХБЯ-ныхнаас асуухад ГЗБГЗЗГ-ыгнэр цохов. Харин тус газрын мэргэжилтнүүд дарга нь гадаадад томилолттой, эзэнгүй байгаа учраас илүү дутуу зүйл ярихаас ихэд болгоомжилж буйгаа хэллээ. Эзэмшил газраа улсын тусгай хэрэгцээнд өгсөн 938 иргэн, аж ахуйн нэгжид хаанахын хэн гэдэг хүн, ямар газар багтсаныг ч нууцлав. Мөн ямар хүмүүс газраа “хав дарж”, хамгаалж үлдсэнийг ч хэлсэнгүй. Мэдээж нөхөн төлбөрөө хүлээж байгаа хэсэг бүлэг хүн бийнь тодорхой. Түүнчлэн эрх мэдэл, албан тушаалтай, нөлөө бүхий хүмүүс ч “шигшигдэн” үлдсэн байхыг үгүйсгэхгүй. Ингэж хардахад хүргэсэн шалтгаан нь БХБЯ, ГЗБГЗЗГ-ынхан нэгж талбарын тоог илт зөрүүтэй мэдээлэх болсон явдал. БХБЯ-ныхан 3600 гэж буй бол нөгөөх нь шинэчилсэн бүртгэлээр 3050 болсон гэв. Харин орон нутгийн удирдлага 3200 хэвээрээ, дахиж шинэчлээгүй гэдгийг хэлсэн юм. Тэд энэ тоогоор “оролдож” эхэлсэн нь шалтгаантай болов уу.
Засгийн газрын тэргүүн болон Шадар сайд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад гойд анхаарал хандуулж буй. Тэд байсхийгээд л албаныхныг дагуулан газар дээр нь очдог, энэ асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг хийдэг. Тэгэх бүртээ ажил удаашралтай байгааг шүүмжилж, эрчимжүүлэх, урагшлуулах үүрэг чиглэл өгдөг юм. Өнгөрсөн долоо хоногт ч энэ явдал давтагдлаа. Дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлыг үнэхээр эрчимжүүлье гэвэл хэн нэгнийг загнаж, үүрэг даалгавар өгөхөөс илүү саад болж буй жинхэнэ шалтгааныг “илрүүлж”, түүнийг шийдвэрлэхэд анхаарах нь чухал. Засгийн газар ч өөрөөсөө шалтгаалах зүйлсийг хугацаа алдалгүй хийх шаардлагатай.