БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 2020-2027 он хүртэл “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуульд “Органик бус соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын лаборатори”, “Соёлын өвийн дижитал судалгааны лаборатори” байгуулжээ.
Тус лаборатор нь “Соёлын биет өвийг бүртгэн баримтжуулах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах зэрэг хэрэгцээ, шаардлагыг хангах, энэ чиглэлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, судалгаа, инновацыг хөгжүүлэхэд чухал.
Манай орны соёлын өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн технологид суурилсан анхдагч лабораториудын нэг болж байна.
соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтад дижитал технологи нэвтрүүлснээр соёлын биет өвийн талаарх судалгаа улам гүнзгийрч виртуал орчинд нарийвчлан судлах боломжийг олгоно.
Органик бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтын лаборатори нь органик бус соёлын өвийн олдворт судалгаа, шинжилгээ хийх зориулалттай. Сорьц бэлтгэх төхөөрөмж буюу өнгөлгөөний машин, өнгөлгөө хийхэд шаардлагатай материалууд, камертай металлургийн микроскоп, камертай стерео микроскопоор тоноглогдсон судалгаа, туршилтын хэсэг болон органик бус соёлын өвийг хадгалахын тулд бохирдлоос цэвэрлэх шилэн үрлээр үлээлгэх төхөөрөмж, хэмжилтийн багаж хэрэгслүүд, тогтмол температур баригчтай усны сав, 3000С хүртэл халах хатаах шүүгээ, вакуум орчинд нэвчүүлэх аргаар бэхжүүлэлт хийх төхөөрөмж, хэт богино авиагаар гадаргуу цэвэрлэх, ариутгах төхөөрөмж, бохир агаарыг сорох зориулалттай ажлын ширээ болон сорогч шүүгээ, олдвор хадгалах зориулалтын чийг, температур тохируулгатай шүүгээнүүд, нэрмэл усны аппарат, фазын шинжилгээ хийх X-ray болон органик материал бүтцийн шинжилгээ хийх микроскоп зэрэг төхөөрөмжүүдээр тоноглосон.
Соёлын өвийн дижитал судалгааны лаборатори нь соёлын биет өвийг 3D laser сканерын тусламжтайгаар бүртгэлжүүлэх, цуглуулсан мэдээллийн тусламжтайгаар 3 хэмжээст объект болгон сэргээх, компьютерын тусламжтайгаар сэргээн засварлах, 3D принтерээр хэвлэх зэрэг бүхий л шинэ технологийг ашиглах боломж бүрдсэн.
Мөн том оврын барилга байгууламж, сүм хийд зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сканердах чадвар бүхий алсын зайн сканер, олон улсын түвшины төрөл бүрийн 3D printer, агаараас өндөр чанартайгаар бүртгэн баримтжуулалт хийх дрон, өндөр хүчин чадал бүхий сервер, компьютероор тоноглосон хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.