Томуугийн вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдэд хийж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан мэдээлэхдээ "Томуугийн улирлыг угтаад томуугийн вакциныг хийхээр ажиллаж байна. 2022 онд Монгол Улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авахаар болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 45,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 545,000 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.
Өнөөдрийн байдлаар томуугийн А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байна. Бид БНСУ-д үйлдвэрлэгдсэн Гринпрос үйлдвэрлэгчийн А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх вакциныг сонгон авсан.
Вакцинд дараах иргэдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
- 0-5 насны хүртэлх насны 214,060 хүүхэд
- Жирэмсэн 42,220 эхчүүд
- 65 ба түүнээс дээш настай ахмадууд болон хавсарсан суурь эмгэгтэй 218700 гаруй хүнийг хамруулахаар төлөвлөж байсан.
Тав хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг асран хамгаалагчаас зөвшөөрөл авсны дагуу цэцэрлэгүүдтэй хамтран хийж байна. Өнөөдрийн байдлаар 36,534 хүүхэд, 553 жирэмсэн эх, 65-аас дээш насны 13,287 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна.
Томуу, томуу төст өвчний идэвхжилт нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд цэцэрлэг, сургуулийн бага, дунд насны хүүхдүүдэд асран хамгаалагчид онцгой анхаарах шаардлагатай байна. Хамгийн гол шинжлэх ухааны үндэслэлтэй дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна." хэмээлээ.