“Ард кредит ББСБ” компани эхний гурван улиралд 756.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдэгдлээ. Энэ нь нэгж хувьцаанд 2.7 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэсэн үг юм. Тус компани энэ оны эхний хоёр улиралд 661.6 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан аж. Тэгэхээр гуравдугаар улиралд цэвэр ашиг нь 94.4 сая төгрөгөөр өссөн байна. Мөн дээрх хугацаанд олсон цэвэр хүүгийн орлого өмнөх улирлаас 1.8 тэрбум төгрөгөөр өсөж, 5.77 тэрбумд хүрчээ. Тус компанийн хувьцааны хаалтын ханш өчигдөр 89.97 төгрөгт хүрсэн. Энэ нь тус компанийн хувьцааны ханш оны эхнээс 59 орчим хувиар унасан үзүүлэлт юм. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 25.16 тэрбум төгрөг болоод байна. “Ард кредит ББСБ” компанийн хувьцааны ханш өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард 299.44 төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин нь байсан билээ.