Нийслэлийн “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг эмч, мэргэжилтнүүдийг дарамталж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг доголдоход хүргэсэн, ёс зүйн алдаа гаргасан гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй. Тус эмнэлгийн үйлдвэрчний эвлэл түүнийг удаа дараа хууль зөрчсөн хэмээн хэвлэлийн хурал хийсний дараа Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, огцруулсан юм. Уг асуудал амаржих газар, эрүүл мэндийн салбарын хүрээнээс хальж, Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн. Улмаар ЗГХЭГ-аас “Өргөө” амаржих газарт хяналт шалгалт хийх ажлын хэсэг томилсон бөгөөд шаардлагатай гэж үзвэл шийдвэрээ эргэж харах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл тус ажлын хэсгийнхэн өчигдөр эмнэлгийн хуучин удирдлагатай уулзжээ. Захирал асан Ж.Энхцэцэг “Намайг эмнэлгийн тусламж, үйлчилгээг алдагдуулахад хүргэсэн гэж ярьж буй хүмүүс одоо ч хэвийн ажиллаж байна. Харин тэнд дэлгэрсэн хууль бус явдал, зөрчилтэй тэмцэж байсан хүмүүс ажиллах боломжгүй болсон. Тиймээс тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Яг юу болсон бэ, хэрхэн ажиллаж байв гэдгээ ярилаа. Ажлын хэсгийн дүгнэлт гарах хугацаа болоогүй гэнэ. Намайг 20, 30 хувийн эмнэлэгтэй гэж ярьж, бичиж байгаа нь үндэслэлгүй. Өмнө нь эмнэлэгтэй байсан. Энэ албан тушаалд томилогдохдоо гэрээгээ цуцалж, эрхээ шилжүүлсэн. Би үйлчлүүлэгчдийг үздэггүй учраас эмнэлгийн нэр зааж, ийш тийш явуулах боломжгүй. Цагдаагийн дэд хурандааг эрхзүйч гэдэг үүднээс эмнэлгийн дэд захирлаар томилсон” гэв.
Бэлтгэсэн И.Мишээл