Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав. Тус замын эхний урсгалыг ирэх долоо хоногт хоёр чиглэлтэйгээр нээхэд бэлэн болжээ. Энэ нь бүтээн байгуулалтынх нь 50 хувь юм. Үлдсэнийг нь ирэх онд дуусгахаар төлөвлөж буй бөгөөд ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.
Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн лицензгүй технологийн байгууламж болон цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад тус тус хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчтой холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гэрээ байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгав. Түүнчлэн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр болон баруун бүсийн дөрөвдүгээр үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах, өвлийн оргил ачааллын үед ашиглах 115 мянган тонн хагас коксын түлшийг импортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэгдлээ.