Монгол Улсыг гадаадад сурталчлах, цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах зорилтын хүрээнд “Монголын соёлын долоо хоног” арга хэмжээг Бээжин хотноо Монгол Улсын ЭСЯ-ны “Соёл, мэдээллийн төв”-д 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
“Монголын соёлын долоо хоног” нээлтийн арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал нээн үг хэлж, Монголын Үндэсний урлагийн их театрын үндэсний их найрал цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд морин хуурын дөрвөл, хөөмий болон цамын бүжгийн тоглолтыг уригдсан зочдод сонирхуулав.
Тав хоногийн турш үргэлжлэх “Монголын соёлын долоо хоног”-ийн үеэр монголын нэрт уран бүтээлч, уран барималч Б.Дэнзэн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа бөгөөд мөн энэ үеэр монгол үндэсний уламжлал, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэл, монголын бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, аялан жуулчлалыг татах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг танилцуулахаас гадна монгол эрдэмтэн судлаачдын уулзалтыг хийх зэргээр цуврал арга хэмжээг зохион байгуулах юм.
Энэхүү цуврал арга хэмжээнд БНХАУ-ын төрийн байгууллагууд, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбар болон төр, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцохоос гадна Бээжин хотноо байрладаг гадаадын 200 орчим Дипломат төлөөлөгчийн газрын дипломатууд, мөн Бээжин хотноо байнга оршин суудаг монгол иргэд оролцож байна.