Олон улсад цар тахлын тархалт хумигдаж, уг өвчний эсрэг хариу арга хэмжээгээ цуцалсан, түүнчлэн хүн амын анхаарал суларсан зэргээс шалтгаалан энэ өвөл амьсгалын замын халдвар өргөн хүрээнд тархаж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулжээ. Ялангуяа “Ковид-19” болон томуугийн дэгдэлт хавсарч, улс орнуудын эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал эрс ихсэж болзошгүйг сэрэмжлүүлсэн байна. Манай улсын хувьд одоогоор томуугийн вирус өргөн хүрээнд тархаагүйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдээлэв. Харин риновирус, энтеровирус зэрэг томуу төст дөрвөн төрлийн өвчин газар авч, хүүхдүүд олноор өвчилж, эмнэлэгт хандах болжээ. Тухайлбал, тус төвд өчигдөр амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Тэдний олонх буюу 85 хувь нь 0-3 насныхан аж. Үүнээс дөрвөн хүүхдийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэв. Амьсгалын замын халдвар өргөн хүрээнд тархаж буй тул иргэд амны хаалт зүүх, гараа угаах, ариутгах зэрэг цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмээ сахихыг тус төвийнхөн зөвлөлөө. Мөн зорилтот бүлгийн иргэд томуугийн дархлаажуулалтад хамрагдах нь зүйтэй хэмээв. Улсын хэмжээнд энэ сарын 15-наас томуугийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Манай улс энэ жил томуугийн 500 000 тун вакцин авсан бөгөөд 1-5 насны 214 000 хүүхэд, жирэмсэн 42 200 эмэгтэй, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218 000 иргэн болон эрүүл мэндийн, онцгой байдлын зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Вакциныг 21 аймаг, есөн дүүрэгт түгээж, өрхийн эмнэлэг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгээр дамжуулан хийж буй гэнэ. Өчигдрийн байдлаар 4347 хүн вакцинд хамрагдсан байна. Тэдний 2540 нь 1-5 настай хүүхэд, 942 нь 65-аас дээш насныхан, үлдсэн хувь нь эмнэлгийн ажилтан, жирэмсэн эмэгтэйчүүд аж.
Бэлтгэсэн М.Оч