Иргэд өөрсдийн эрүүл мэнд, амь биеэ хамгаалахгүй байснаас золгүйгээр нас барсаар байна. Ялангуяа самар түүж мөнгө олохоор ууланд гарсан хүмүүс эрсдэлд өртөж буй юм. Уржигдар л гэхэд Богд хан уулын Кувейтийн ам гэж сүүлийн үед нэрлэх болсон, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг Түргэний аманд самар түүж явсан иргэн амиа алджээ. Тэндээс энэ сарын 23-ны 10.00 цагийн үед хэсэг хүн хушны самар түүж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд оршин суух бүртгэлтэй 25 настай залуу зургаан метр өндөр хуш модонд авирч гарч боргоцой унагаж байгаад осолдон газар дээрээ нас барсан гэнэ.
Самар түүж буй иргэдтэй холбоотой өөр нэг мэдээлэл хүргэхэд, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Хавцалт замбал гэдэг газраас самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяа 63 настай А сураггүй болоод цөөнгүй хонож байна. Тэрбээр энэ сарын 16-нд 28 хүний хамт самар түүхээр дээрх газарт очсон бөгөөд сураггүй алга болсон гэх мэдээлэл уржигдар онцгой байдлын байгууллагад ирсэн аж. Үүний дагуу тус сумын нутаг, Цахрын даваанаас Хавцалт замбал хүртэлх нутаг дэвсгэрт дээрх сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, цагдаагийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран эрэн хайх ажиллагаа зохион байгуулж буй аж.