Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг “ухаалаг” болгох зорилго тавьсан. Үүний хүрээнд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулсан талаараа Зам, тээврийн хөгжлийн яамнаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 22-ноос эхлэн нийслэлээс орон нутаг руу явж буй тээврийн хэрэгслийн жолооч нар товчоогоор зорчихдоо бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй. Мессеж болон бусад хэлбэрээр жолооч нарт нэхэмжлэх илгээх байдлаар тооцоо хийж буй аж. Ингэснээр иргэд дурын банкны, төрөл бүрийн төлбөрийн хэрэгслээр зам ашигласны төлбөрөө төлөх боломж бүрджээ. Түүнчлэн roadpay.mn, smartcar.mn сайтаар нэвтэрч төлбөр төлөх, “ebarimt” аппликэйшний “Хялбар бүртгэл” цэсийн тусламжтайгаар НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо суутгуулж ч болох гэнэ. Цаашид зам ашигласны төлбөрөө цаг тухайд ньтөлөлгүй хуримтлуулсан, оношилгоондоруулаагүй тээврийн хэрэгслүүдийг товчоодоор нэвтрүүлэхгүй аж. Төлбөр авах цэгүүдийг ийнхүү цахимжуулснаар зардлыг 50 хувиар бууруулж, авто замд тавих хяналт сайжран, орлого нэмэгдэж, улмаар засварт зарцуулах хөрөнгийн хэмжээг өсгөхөөр тооцсон байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслүүдийг үзлэг оношилгоонд бүрэн хамруулж, техникийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эерэг нөлөөтэй гэнэ.