Улсын гуравдугаартөв эмнэлэг, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хөлгиш гэх зай алга. Даваа гараг байсныг ч хэлэх үү, аль алинд нь цахим бүртгэлээс дугаар авах, эмчид үзүүлэх гэсэн хүн олон байв. Ер нь намар өдийд ачаалал ихэсдэг гэнэ. Тэгээд ч “Ковид-19”-ийн нөлөөгөөр эмнэлэгт хандах хүний тоо нэмэгдсэн аж.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Поликлиникийн нэгдүгээр давхарт сууж байсан, орон нутгаас ирсэн болов уу гэмээр настнуудаас эмнэлгийн үйлчилгээ ямар байгаа талаар асуулаа. Архангай аймгийн Хашаат сумын иргэн Ё.Санжаадорж “Урологи гэдэгт үзүүллээ. Оношлууллаа. Эмчилгээ зааж өгсөн. Уг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэх бодолтой ирсэн юм. Тэнд эмч 14 хоногийн дараа үзэх боломжтой гэсэн. Хөдөөний бид хүлээх хэцүү. Тэгтэл ашгүй хүүхдүүд энэ эмнэлгийн эмч нартай уулзаад хоёр, гуравхан хоногт амжуулаад өглөө. Хүүхдүүддээ чирэгдээд явж байна даа. Ажил бүтсэнд баяртай байна” гэсэн юм.
Харьяаллын дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахыг хавраас хойш хүссэн ч өрхийн эмнэлгийнхэн “18-30 насныхан үзүүлж дуусаагүй байна, аравдугаар сард хандаарай” гэсэн ч мөн л урилга өгдөггүй. Тэгэхээр нь даатгалын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгээр үйлчлүүлэхээр шийдэн очсон юм. Хөл шөнөдөө бадайрч, урьд өмнө байгаагүй зовуурь илрэх болсон тул хамгийн түрүүнд мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэг гарсан юм л даа. Цаг автал цахимаар бүртгэгч 23 хоногийн дараа мэдрэлийн эмчийн кабинетад хөл тавих дугаар олгов. “За” гээд харьсан ч, гурав хоног өнгөрөхөд зовуурь ихэссэн тул үдээс хойш эмчийн өрөөний үүдэнд суусаар байгаад хамгийн сүүлд үзүүлсэн хүний араас орж явчихлаа. Эмч залууд учраа хэлэхэд хүлээж авлаа шүү. Тэрбээр мэдрэлийн талын зохих шинжилгээнүүдийг 5-7 хоногийн дараа хийлгүүлэх дугаар өгөөд, тэр болтол уух эм бичиж өгсөн юм.
Үүнээс эхлээд Улсын гуравдугаар төв эмнэлгийн байнгын үйлчлүүлэгч болов. Ер нь энд тэнд өвдөж байвч хайхрахгүй олон жил явсан тул далимаар нь бүхий л чиглэлийн эмч нарт үзүүлье гэж шийдсэн юм. Үзүүлэхээр, шинжилгээ өгөхөөр очих бүрийдээ “Яагаад, яаж” гэсэн асуултад хариу хайж явлаа. Тэтгэвэрт гарсан, эсвэл тодорхой ажил эрхэлдэггүй хүмүүс цахим бүртгэлээс олгосон цагийн дагуу долоо хоногт хэдэн ч удаа очдог юм байж. Харин ажилтай хүмүүст тун ярвигтай аж. Бөөр судлалын эмч үзээд хэд хэдэн үзүүлэлт харах ёстой гээд цус болон шээсний шинжилгээ өгүүлснээс хойш хэд хоногийн дараа “Цахим”-аас өгсөн хуваарийн дагуу үе мөчний эмчид хандахад дахиад л цусаа шинжлүүлж ир гэж байгаа юм. Удахгүй бамбай булчирхайгаа үзүүлэх ёстой, бодвол бас л цусаа шинжлүүл гэх байх даа. Санаагаар болдог бол нэг өдөрт бүхий л шинжилгээг нэг мөр өгөөд, дүрс оношилгоо, цахилгаан бичлэг зэргийг ч ойролцоо өдрүүдэд хийлгэн, эцсийн дүгнэлт гаргуулмаар. Гэтэл тийм боломж алга.
Тус эмнэлгийн эмч нар заримдаа өдөрт 50-60 хүнд үйлчилдэг гэнэ. Жишээ нь, дотрын өвчний эмч өдөрт 32 хүн үзэх нормтой юм байна. Тэгсэн ч энэ тоо хэтийдсэн олон санагдаж буй юм. “Нэг өдөрт ийм олон хүнийг үзэж барах уу” гэж асуухад нэг хүнд зарцуулах хугацаа 15 минут тул амжина гэсэн. Эмч нар орж ирсэн хүний зовуурийг товчхон асууж байгаа юм. Тэгээд хурдхан ямар шинжилгээ хийлгэхийг бичээд, цахим бүртгэлд оруулснаа хэлдэг. Заасан өдөр нь шинжилгээг өгөөд, хариугаа автомат машинаас аван, үдээс хойш өнөөх эмчдээ харуулахад, хариу яаж гарснаас хамаарч эмийн эмчилгээ бичиж өгдөг. Нэгэн бодлын тун шуурхай нь таатай санагдавч, эмч юунд ч юм бэ яараад, орсон хүнийг аль болох хурдан гаргах гээд байхыг нь мэдрэх тун эвгүй. Хүний биеийн эрхтнүүд тус тусдаа нь үнэн авч хоорондын маш нарийн уялдаа холбоон дунд организм бүхэлдээ ажилладаг. Гэтэл одоогийн эмч нарын үзлэг хийж байгаа байдлаас эрхтнүүд тус тусдаа бие даан оршиж байдаг тул тэрүүхэнд нь эмчилнэ гэсэн байр суурьтай мэт. Өнөөх л “Яагаад, яаж” гэдэг асуулт толгойд эргэлдсээр. Гэтэл асуудлын учгийг тайлах сэжим олдох шиг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэ хуулиар өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлж эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэг болсон аж. Хэр олон хүн хүлээж авч, оношилж, эмчилнэ, тэр дүнгээр Сангийн яамнаас мөнгө олгодог болж гэнэ. Эмч нарын цалин хөлс үүнээс хамаардаг болсон юм бол, өдөрт 32-т баригдалгүй, 40, 50, 60-аар нь, яг л дамжлагын машин ажиллуулах мэт цувуулах нь аргагүй аж. Тэгэхээр эндээс хүн аль болох өвдөж, эмчид үзүүлэх нь эмч нарт, эмнэлэгт ашигтай гэдгийг төвөггүй харж болохоор. Эсрэгээрээ хүмүүс амьдралын хэв маягийг зөв тийш нь өөрчилж, эрүүл саруул аж төрж, эмнэлэгт төдийлөн хандахгүй байвал эмч нар цалингүй шахам болж, эмнэлэг санхүүжилтийн гачаалд орох нь. Ямар гээчийн хуультай болоо вэ. Ийм байж таарах уу.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зөвлөх поликлиникийн ахлах сувилагч Ч.Ундрахаас товч мэдээлэл авлаа. Тэрбээр “Манайх таван цахим бүртгэгчтэй. Тэд өдөр тутам иргэдэд эмч нарын үзлэг хийх цагийг өгдөг. Утсаар цаг олгодог хоёр хүн бий. Хөгжлийн төвд мөн хоёр бүртгэгч суудаг. Хамгийн их хүлээгдэлтэй кабинет нь мэдрэл, мэдрэлийн мэс засал, зүрх, судасных байдаг. Таваас долоо хоног хүлээдэг. Тийм ээ, 20 хоног хүлээх нь байдаг (Өөрийнхөө түүхийг ярихад хүлээн зөвшөөрсөн нь энэ). Ангиографи, хими судлал, зүрхний дутагдлын чиглэлийн эмч нар өдөр бүр байдаггүй. Хуваарийн дагуу ирж үздэг л дээ. Энэ үйлчилгээн дээр нэлээд хэд хоногоор хүлээх нь бий. Үүнийг үйлчлүүлэгчид үндсэн, кабинетдаа сууж байдаг эмч нартай адилтган бодож, их хүлээлгэлээ, удлаа гэж бухимдах талтай. Мөн хүлээгдэл их байгаа нь иргэд эмнэлгээ сонгож үйлчлүүлдэг болсонтой холбоотой болов уу. Хүмүүс удаан хүлээсэн ч хамаагүй, улсын том эмнэлгийн эмч нарт л үзүүлнэ гэсэн бодолтой юм шиг. Тэр нь ч аргагүй байх. Өрхийн болон дүүргийн эмнэлэгт шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, уусмал, урвалж нь байдаггүй. Тийм болохоор хэд хоног ч хамаагүй хүлээж энэ эмнэлэгт л үзүүлнэ гэх нь юу нь буруу байх вэ. Үйлчлүүлж сурсан хүмүүс үзлэг, үйлчилгээг улирал, улирлаар тооцоолоод, тэдэн сарын тэдэнд цахим бүртгэлээс цаг авах юм байна шүү гээд сууж байдаг. Тэгэхээр манай эмнэлгийг сонгож буй хүний тоо олон байна гэж л дүгнэнэ. Цахим бүртгэгчид өдөрт 900-1000 хүнд үйлчилдэг. Мөн эрт илрүүлгийн нэгжийнхэн маш их ачаалалтай ажиллаж байна. Яаралтай үзүүлэх шаардлагатай хүн байвал бид эмч нарт хэлж, цаг алдалгүй үзүүлдэг. Товчхондоо, өвчлөл их байна. Тэр хэрээр эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хүлээгдэл ихтэй” гэлээ.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв энэ өдөр үйлчлүүлэгч олонтой байлаа. Эднийх өдөрт амбулаториор 1000-1500 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Сүүлийн долоо хоногийн мэдээгээр дотор, мэдрэл, мэс засал, дотоод шүүрэл гэсэн кабинетууд хүлээгдэл ихтэй байгаа нь харагджээ. Дотрын эмчийн үзлэгийн цаг ирэх арванхоёрдугаар сарын 2 хүртэл хүлээгдэлтэй байна. Саяхан цэрэг татлагын үеэр нэлээд хэдэн эмч “дайчлагдаж”, дөрөв хоногийн хугацаатай одсон болон эрт илрүүлгийн нэгжид дотрын эмчийг ажиллуулдаг тул амбулаторид эдүгээ ачаалал бага зэрэг нэмэгдээд буй аж. Тус эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаа Улсын гуравдугаар төв эмнэлгийнхтэй төстэй тул олныг давтаад яах вэ. Поликлиникийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Энхбаттай уулзаж ярилцсанаа хүргэе.
-Улсын эмнэлгүүдийг II, III шатлалын гэхээ больжээ. Хэзээнээс ийм болов?
-Тийм ээ. 2021 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар өрхийн эрүүл мэндийн төвийг анхан шатны эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг гэх болсон. Бусад эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа шатлалын гэнэ. Иргэд эрүүл мэндийн аль ч байгууллагаас тусламж, үйлчилгээ авч болно. Өөрөөр хэлбэл, эмнэлгээ сонгож үйлчлүүлдэг болсон гэсэн үг.
-Үзлэгийн цагийг хүлээх боломжгүй иргэдэд хэрхэн үйлчилдэг юм бэ?
-Яаралтай тусламжийн тасаг 24 цагаар нээлттэй ажилладаг.
-Иргэд эмчид үзүүлэх гэж олон хоног хүлээхдээ бухимдах нь байна. Хүлээх хоногийг цөөрүүлэх боломж бий юү?
-Хэрвээ тухайн хүн яаралтай үзүүлэх шаардлагагүй бол цаг авахаас аргагүй. Тогтолцоо ийм л байгаа. Иргэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байвал сайн. Манай улсад энэ нь дутагдалтай хэвээр байна. Харин энэ жил улс даяар эрт илрүүлгийн шинжилгээ зохион байгуулж байгаа нь сайн хэрэг. Тэгэхээр цаашид хүмүүс хэрвээ урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэе гэвэл ажил, цаг завын боломжоо харж байгаад, бүх кабинетаар орно гэж тооцоолоод урьдчилан цаг авч үйлчлүүлэх л болно. Манайхан гэнэт жаахан зав гарахаараа үзүүлье гээд хүрээд ирдэг. Тэгтэл цаг олддоггүй. Ийм байдлаас болоод “Яагаад ийм байдаг юм” гэхчлэн бухимдаж, гомдол гаргадаг. Бас иргэд эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан бол заавал ирэх ёстой. Гэтэл хээвнэг өнгөрөөчихдөг. Эсвэл замын түгжрэл болон бусад эрсдэлийг тооцолгүй хоцорч ирээд асуудал үүсгэдэг. Манай иргэдэд бусдад болон өөртөө төвөг удахгүйгээр үйлчлүүлэх ёстой гэсэн төлөвшил байдаггүй.
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэ хууль үр дүн өгөхөөр байна уу?
-Хэдэн хүн эмчилж, эрүүлжүүлсэн байна гэдгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас шалгаад, хэр чанартай үйлчилгээ үзүүлснийг хянаад, санхүүжилт олгох шинэчлэл рүү шилжээд жил гаруй болж байна. Үүнийг Япон, БНСУ, Америк, Сингапур зэрэг орны туршлагыг судалсны үндсэн дээр оруулж ирсэн. Өндөр хөгжилтэй эдгээр оронд ч цаг тарааж үйлчилдэг. Тэр улсуудад ч гэсэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нь Эрүүл мэндийн даатгалын сангаасаа тодорхой хэмжээгээр санхүүждэг. Тэр л тогтолцоог манайх нэвтрүүлсэн. Манайд ч гэсэн хувийн хэвшлийн, магадлан итгэмжлэлдээ тэнцсэн, шаардлага хангаж буй эрүүл мэндийн байгууллагыг даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн төрийн байгууллагуудын ачааллыг бууруулах эхлэлийг ингэж тавьсан. Ер нь шилжилт, завсрын үедээ явна. Тэгэхээр шинэ хуулиа сайтар хэрэгжүүлээд явбал ачаалал буурна гэж үзээд, бууруулахыг зорин ажиллаж байна.
Бэлтгэсэн Р.Жаргал