Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газрынхан ойн бүсэд газар эзэмшдэг 37 иргэн, аж ахуйн нэгжийг шалгахад 25 нь зориулалт бусаар ашиглаж байжээ. Эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын нөлөөгөөр хууль бусаар газар олгосон зөрчил ч цөөнгүй илэрсэн гэнэ. Иймд тус аймгийн Засаг дарга мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн хуулийн дагуу энэ асуудлаар сонсгол явуулж, зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан аж. Зориулалт бусаар ашиглаж буй 19.9 га талбайг чөлөөлж, тодорхой хэсэгт нь соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон байна. Мөн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, зөвшилцсөн тохиолдолд өөр газар дүйцүүлэн олгох, нөхөн төлбөр өгөх зэргээр ойн бүсийг чөлөөлөх бодлого баримталж буй гэнэ.
Бэлтгэсэн И.Мишээл