УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, мэдээлэлтэй танилцлаа.
Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан иргэний цахим үнэмлэхний үйлдвэр болон энгийн гадаад паспортын үйлдвэрлэл, цахим системийн аюулгүй байдлын хяналт, хамгаалалт, Цахим үйлчилгээний төв, Архивын баримт бичгийн хадгалалт, хамгаалалтын орчин, нөхцөлийг танилцуулж, байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Мөн цахим үйлчилгээ, тоон гарын үсэг олголт, үндэсний энгийн гадаад паспорт олголттой холбоотой хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэхдээ, Улсын бүртгэлийн байгууллага бол төр, иргэн хоорондын гүүр юм. Миний бие 2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн даргаар ажиллаж байхдаа улсын бүртгэл нь цаг хугацаа, орон зайнаас үл хамааран иргэдэд хүрдэг болох мөрөөдлөөр бичилцэж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн үзэл баримтлалыг үе үеийн улсын бүртгэлийн албан хаагчид, удирдлагууд нэг мөр хэрэгжүүлж ирснээр өнөөдөр 110 терабайтын цахим мэдээллийн сантай болж, 64 үйлчилгээ, 22 лавлагааг цахимаар өгч байгаа нь иргэдэд хүндрэл, чирэгдэлүй үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, 2022 оны эхний хагас жилд и-Монгол (е-Mongolia) цахим системээр 3.1 сая лавлагаа олгож, иргэдээс гарах 30 гаруй тэрбум төгрөгийг хэмнэсэн гэсэн бодит үзүүлэлт байгаа нь тус байгууллага хэрхэн сайн цахимжсаныг илтгэх үзүүлэлт юм.
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өнгөрсөн 5 сарын хугацаанд 385.060 тоон гарын үсэг олгосон нь хуулийн хэрэгжилт сайн байгаагийн илэрхийлэл юм. Харин цахим орчинд гэрээ хэлцэл хийх, албан бичиг илгээх, хүлээн авах, санхүүгийн олон төрлийн үйлчилгээг ашиглахад иргэд, байгууллага тоон гарын үсгийг өдөр тутмынхаа хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэлээ.
Түүнчлэн үндэсний энгийн гадаад паспортын зургийг зөвхөн улсын бүртгэлийн ажилтан авч байгаа нь сүүлийн үед олон нийтийг бухимдуулаад байгаа талаар Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, нийслэлийн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, нэг цэгийн үйлчилгээний төв дээр нэг ажилтан үндэсний энгийн гадаад паспортын зургийг авч байгаа нь дараалал үүсгэж байна. Иймд дараах аргаар шийдвэрлэх талаар чиглэл өглөө. Үүнд:
- Үндэсний энгийн гадаад паспортын зургийг бүртгэлийн байгууллагын цахим санд байгаа өмнөх 1 жилийн дотор авхуулсан зургийн санг ашиглан, иргэдээс зураг нэхэхгүй байх;
- Мэргэжлийн зурагчнаар авхуулсан зургаа иргэд файл хэлбэрээр авч ирсэн бол хүлээн авдаг байх;
- Иргэд бүртгэлийн ажилтнаар зургаа авахуулах хүсэлтэй бол зургийг нь авдаг байх;
- Иргэдийн цахим шуудангаар илгээсэн зургийг хүлээн авдаг байх;
- И-Монгол (е-Mongolia) цахим үйлчилгээний нэгдсэн порталаар илгээсэн үндэсний энгийн гадаад паспортын хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэх; Ингэхдээ зөвхөн шаардлага хангасан зураг хүлээн авах талаар иргэдийг болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг мэдээллээр хангах нь үл ойлголцол үүсэхээс сэргийлэх талаар санал хэлж байв.
Түүнчлэн, иргэд цахим паспорттой болсноор бусад улсад зорчиход хялбар болох төдийгүй виз олголтын асуудалд ч нааштай өөрчлөлт гарна гэж үзэж байгаа тул гадаад паспортыг цахимжуулахтай холбоотой хөрөнгө санхүүгийн асуудлыг төсөвт тусгуулах талаар Төсвийн байнгын хорооны ажлын хэсэгт уламжлахаа илэрхийлж, иргэний үнэмлэхийг чипээр уншихаас гадна зайнаас уншдаг систем рүү шилжих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.