БНСУ-аас ирсэн үүргэвчтэй Дундговь аймгийн нутаг дахь Цагаан суваргыг зорихдоо хэрхэн хөглөж, будилж буй тухай дүрс бичлэгийг уншигчид хэдийн үзсэн болов уу. Алхам тутамдаа ойлгомжгүй, зөрүүтэй хаяг, байршлын мэдээлэлтэй таарсан залуу “Монголд ганцаараа аялах үнэхээр хэцүү юм аа. Интернэт дэх мэдээлэлтэй бүх зүйл нь зөрж байна. Англи хэл ашигладаггүй бололтой” хэмээн толгой сэгсэрч байна билээ. Түүнтэй дөрөө харшуулан аялалд гарсан монгол бүсгүйчүүд ч зорьсон газраа олох гэж, Цагаан суварга гэсэн бичигтэй самбар хайн ихэд будилж, нутгийн айлуудаас туслалцаа авч байгаа харагдсан. Энэ бол наад захын жишээ. Яг ийм асуудалтай нүүр тулсан жуулчин ганц, хоёроор тогтохгүй. Өнгөрсөн есдүгээр сард Элсэн тасархай, Цэнхэрийн халуун рашаан, Хархорум музей гэсэн маршрутаар аялсан солонгос хос “Монголын зам маш бартаатай. Тэмдэг, тэмдэглэгээ ховор учраас төөрөх магадлал өндөр. Тиймээс газар сайн мэддэг хөтөч, жолооч сонгосон. Хэрэв энд “Google map” алдаа мадаггүй зааж, чиглүүлдэг байсан бол бид өөрсдөө машинаа бариад, аялалд гарна” хэмээн хэлж байв.
Монголчууд уг асуудлыг тэр бүр анзаардаггүй юм билээ. Газар нутгаа мэддэг учраас тэр. Мэдэхгүй байлаа гэхэд нутгийн иргэдтэй зовлонгүй ойлголцож, зам заалгадаг. Харин тал нутагт өмнө нь хэзээ ч хөл тавьж байгаагүй, монголчуудтай хэл нэвтрэлцэх боломжгүй гадаадынханд газар усны нэр, хаяг, байршлын тэмдэглэгээ луужин болдог учраас маш соргогоор анзаарч, олж хардаг аж. Хэрэв та сайн анзаарвал олон улс, улсын чанартай авто зам дагуу, аялал жуулчлалын бүс, тусгай хамгаалалттай нутаг, суурин газруудад үүнтэй холбоотой олон бэрхшээл буйг олж харна. Нэг жишээ дурдъя. Бид Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших “Шаргалжуут” рашаан, сувиллыг өнгөрсөн зургадугаар сард гэр бүлээрээ зорьсон юм. Зүүн зүгээс ирж буй хүмүүс тойруу замаар явахгүйн тулд Баянхонгор аймагт хүрэлгүй, Өвөрхангайн замаас шууд салж тэнд хүрдэг. Гэвч тухайн хэсэгт хаяг, байршлын ямар ч мэдээлэл байгаагүй. Ямар сайндаа сувиллын хүмүүс нь “Өвөрхангайгаас гараад төчнөөн км явахаар төв замын ойролцоо багийн төвийн хуучин байшин таарна. Тэрний хажуугаар баруун салаад яваарай” хэмээн чиглүүлэх вэ дээ. Төв замаас салснаас хойш 40 гаруй км газар (шороо, тоос бужигнасан дэржигнүүртэй) туулахад чиг баримжаа болчихоор ганц ч зүйл таараагүй. Зарим үед эргэлзэж, олон салаа замын хаагуур нь явахаа мэдэхгүй будилж байлаа. Угтаа Шаргалжуут бол өвөрмөц тогтоцтой, дэлхийд хосгүйд тооцогддог, байгалийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхэд нэн тохиромжтой, гадаадын байтугай дотоодын жуулчдын анхаарлыг татдаг онцгой газар. Гэтэл тухайн бүс авто замын сүлжээнд холбогдоогүй, хаяг, байршлын мэдээлэлгүй учраас эрүүл мэндийн асуудалтайгаас өөр шалтгаантай хүн тэр бүр зүглэдэггүй гэдгийг орон нутгийн иргэд хэлсэн.
Олон улсад бол суурин газар, тусгай хамгаалалттай нутгийн хил заагийг хаягийн самбар, тэмдэг, тэмдэглэгээгээр маш сайн тусгаарладаг байна. Энэ нь жуулчид хаана яваагаа баримжаалах, төөрөхөөс сэргийлэх, дархан цаазат газар болон хилийн хориотой бүс, аюултай газруудад нэвтрэхээс болгоомжлох луужин болдог аж. Ялангуяа тусгай хамгаалалттай нутаг, аялал жуулчлалын гол бүсэд тогтсон стандарттай угтах хаалга, мэдээллийн самбар, байршил, зүг чиг заагч, авто замын тэмдэг, тэмдэглэгээ тавьдаг жишиг олон гэнэ. Тэр ч бүү хэл, жуулчдад хүртээмжтэй байлгах үүднээс газар усны нэр, байршлын мэдээллийг олон улсын хэлээр давхар бичдэг юм байна. Тухайлбал, АНУ-ын тусгай хамгаалалттай газар нутаг бүхий үндэсний паркууд (Yellowstone, Grand canyon, Death valley, Yosomite зэрэг) гэхэд бүгд аялагчдад зориулсан мэдээллийн төвтэй бөгөөд түүгээрээ дамжуулан жуулчдад шаардлагатай мэдээллийг олон хэлээр хүргэдэг. Тус улсын үндсэн хэл нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, өргөн хэрэглээтэй, харьцангуй хүртээмж сайтай ч ийнхүү анхаардаг байх нь. Харин манай улсад нөхцөл байдал эсрэгээрээ. Тэмдэг, тэмдэглэгээ нь байх ёстой газраа байдаггүй. Байгаа хэд нь жуулчдад хүртээмжгүй, ойлгомжгүй, зөвхөн монголчууд л ойлгохоор, өнгө үзэмжгүй, хэзээ мөдгүй нурж унах нь уу гэмээр зүйл байдаг. Тэгвэл холбогдох байгууллагууд үүнд хэрхэн анхаардаг бол.
Суурин газар буюу аймаг, сумдын нэр, байршлын мэдээлэл бүхий тэмдэглэгээг тухайн орон нутгийн засаг захиргаа хариуцдаг юм байна. Ийм зүйл зайлшгүй байна гэснээс өөр нарийн, тогтсон стандарт үйлчилдэггүй аж. Харин аялал жуулчлалын гол бүс нутаг, тусгай хамгаалалттай газрын хаяг, байршлын тэмдэглэгээтэй холбоотой хоёр ч стандарт байдаг гэнэ. Эдгээрийн хэрэгжилтийг сайжруулах, хүртээмжтэй болгох асуудалд одооноос л дорвитой анхаарч эхэлж байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын шинжээч Н.Болормаа хэллээ. Тэрбээр “Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах журам бий. Үүнд нийцүүлэн баталсан хоёр стандарт байдаг. Эхнийх нь байгальд ээлтэй, эко байр, сууц байгуулах тухай. Энэ дунд замын тэмдэг, тэмдэглэгээ, хаяг, байршлын мэдээллийн ерөнхий шаардлагыг багтаасан байдаг. Нөгөөх нь улсын тусгай хамгаалалттай газарт тэмдэг, тэмдэглэгээг хэрхэн тавих, хамгаалалтын захиргааны хүмүүс ямар хувцас, хэрэгслээр жигдрэх тухай юм. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй 36 хамгаалалтын захиргааныхан бүгд үүний дагуу хариуцсан нутаг дэвсгэртээ нэвтрэх хаалга, мэдээллийн самбар, тэмдэг, тэмдэглэгээ хийгээд буй ч учир дутагдалтай зүйл өчнөөн байна. Эдгээрийг жуулчдад хүртээмжтэй болгох үүднээс ядаж НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн зургаан хэлээр бичиж, байршуулах шаардлагыг яамны зүгээс тавьж буй. Гэвч орчуулгын зардлаас эхлээд бэрхшээл тулгардаг. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хийж байгаа” гэв. БОАЖЯ аялал жуулчлалын гол бүс нутагт жуулчдад зориулсан 100 отоглох цэг, улсын болон олон улсын чанартай авто зам дагуу 100-200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулахаар ажиллаж эхэлсэн нь эл асуудлыг цэгцлэхэд чухал хувь нэмэртэйг тэрбээр мөн онцоллоо. Отоглох цэг, үйлчилгээний цогцолбор байгуулахдаа тусгай стандарт мөрдөж байгааг ч хэлэв.
Монголын аялал жуулчлалын холбоонд тур оператор компаниудаас ирүүлдэг саналуудын дунд үүнтэй холбоотой гомдол, шүүмжлэл цөөнгүй байдаг гэнэ. Энэ зовлонг хэн хүнээс илүү мэддэг хөтөч нар ч байр сууриа илэрхийлсээр иржээ. “BBM tour” компанид хөтчөөр ажилладаг Э.Ганзориг “Цар тахал дэгдсэнээс хойш говийн бүсэд энэ чиглэлээр тодорхой ажлууд хийсэн байна лээ. Жишээлбэл, Өмнөговь, Дундговь, Баянхонгор аймаг дахь аялал жуулчлалын зарим бүсэд хаяг, байршлын тэмдэг, тэмдэглэгээг боломжийн хэмжээнд хийсэн нь анзаарагдлаа. Ялангуяа Хонгорын элс, Дуут манхан орчимд. Хангайн бүсийн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай зэрэг аймгийн нутаг дэвсгэрт тэмдэг, тэмдэглэгээ ховор. Манай компани олон жил үйл ажиллагаа явуулсан, туршлагатай, замаа мэддэг хөтөч, жолоочтой тулдаа орон нутагт аюул, эрсдэлгүй зорчдог. Сүүлийн үед аялал жуулчлалын салбарт шинэ компани олноор бий болсон. Үүнийг дагаад туршлагагүй хөтөч, жолооч олширсон. Энэ хүмүүс замаа мэдэхгүйгээс төөрөх, машинаа үер ус, шаварт суулгах зэргээр жуулчдыг эрсдэлд оруулж, аяллын хөтөлбөрийг нь алдагдуулах тохиолдол өчнөөн гарч байна. Тиймээс авто зам дагуух хэсэг болон аялал жуулчлалын бүс дэх хаяг, байршлын тэмдэглэгээг сайжруулах замаар жуулчдыг эрсдэлээс хамгаалах нь чухал. Машинтай болгон жуулчдад жолооч болдоггүй, хэлтэй хүн бүр хөтөч хийдэггүйг ойлгох хэрэгтэй” хэмээн ярилаа. Харин хувиараа жуулчид хүлээж авдаг Н.Бадрах “Би 10 орчим жил ажлынхаа завсар чөлөөгөөр солонгос жуулчдад хөтөж хийж байна. Орон нутагт явахад хамгийн их тулгамддаг асуудал нь ариун цэврийн байгууламж, хоолны сонголт, замын тэмдэг, тэмдэглэгээ. Ялангуяа Завхан, Баян-Өлгий аймагт зорчиход хүндрэлтэй. Төвийн аймгуудад ч нөхцөл байдал сайн биш” гэлээ.
Манай улсад ирэх жуулчдын тоо сүүлийн үед эрс өссөн. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, хилээ нээснээс хойших хагас жилийн хугацаанд 210 мянга гаруй жуулчин хүлээж аваад байна. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 онд Монголд ирсэн жуулчдын 40 орчим хувьтай тэнцэж байгаа. Магадгүй ирэх онд гурван жилийн өмнөхийг давсан тооны аялагч хүлээж авахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бид “том” тооны араас хөөцөлдөхөөс илүү жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангахад анхаарах хэрэгтэй. Ядаж л аялагчдыг төөрүүлхээргүй хаяг, байршлын тэмдэглэгээтэй, уйдаахааргүй үзвэр, үйлчилгээний хөтөлбөртэй болох шаардлагатай. Бүгдийг нь биш юм гэхэд наанадаж авто зам дагуух суурин газруудын нэр, байршлыг англи, монгол хэлээр давхар бичиж, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын гол бүсэд хүрэхэд шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг стандартад нийцүүлэн, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хийх шаардлага тулгараад байна. Тэрчлэн зөрүүтэй, алдаатай мэдээлэл олонтой, “хүссэн үедээ” ажиллахаа байчихдаг “Google map”, “What3words” зэрэг хаягжилт, газрын байршлын цахим системийг боловсронгуй болгоход холбогдох байгууллагынхан анхаараасай.
Бэлтгэсэн И.Мишээл