Монголын Урологи, Андрологийн эмч нарын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа “УРОЛОГИ, АНДРОЛОГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ЗОРИЛТ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт эхэллээ.
Хурлын нээж Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Эрчүүдийн эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд 2021-2022 онд ЭМЯ зүгээс 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий Урологийн дурангаар 15 аймгийг ханган, орон нутгийн эмч нарыг сургалтанд хамруулж, 472 мэс заслыг хийсэн. Ингэсээр орон нутгаас лавлагаа шатлалын эмнэлгийг зорих урсгалыг бууруулж, иргэдийн зардлыг хэмнэж чадсан. Анх ЭМЯ-ны шийдвэрээр 1957 онд бөөр шээсний замын мэс заслын эмчилгээ хийх бөөрний мэс заслын кабинет анх байгуулж, УГТЭ-н ерөнхий мэс заслын тасагт таван орыг бөөрний мэс заслын эмгэгтэй өвчтөнд зориулж яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээг эхэлж байсан түүхтэй бөгөөд үүнээс хойш 65 жилийн хугацаанд үе үеийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нөр их хичээл зүтгэлээр энэ салбар хөгжин дэвшиж, өргөжин тэлж эдүүгээ 110 гаруй эмч, улсын хэмжээний үйлчилгээ үзүүлэх гурван тасагтай болсон.
Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүд бий болж ард иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Монгол Улсаас Урологийн чиглэлээр гадны орнуудад мэс засал хийлгэх шаардлагагүй болсон ба тусламж, үйлчилгээний хүлээгдэл 2-3 дахин багассан. ЭМЯ нь урологийн салбарын үйл ажиллагааг улам сайжруулах зорилгоор эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хүрээнд тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд эрэгтэйчүүдийн кабинетын загварын журмыг гаргаж, ирэх оноос хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна." гэдгийг онцоллоо. Хуралд дотоодын улсын ба хувийн эмнэлэгийн эмч нараас гадна БНСУ ба БНХАУ эмч нар оролцож байна.