Монгол Улс болон Швейцарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд “Новартис аксес” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд Швейцарт төвтэй “Новартис” компанийн 16 нэр, төрлийн эмийг Монгол Улсад бүртгэж, бүх эмийн санд түгээн, хөнгөлөлттэй үнээр борлуулахаар болсныг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв. Уг хөтөлбөр нь таван жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэсэн, халдварт бус өвчний эмүүдийг манайд оруулж ирэх юм байна. Халдварт бус өвчин Монголд төдийгүй дэлхийд нийт нас баралтын 75-аас дээш хувийг эзэлж буй. Өөрөөр хэлбэл, халдварт бус өвчний эмүүдийн эрэлт их. Тэр дундаа Монголд хамгийн олон удаа жор бичиж олгодог эмүүдийн нэг курсийг нь нэг ам.доллароор худалдан авах боломж бүрдүүлснийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлэв. Тэрбээр “Гэрээний дагуу нийлүүлэх эмийн 80 хувийг нь оруулж ирээд байна. Эдгээрийг оруулж ирснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас ес орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Тухайлбал, амлодипин гэдэг эмийн үнийн 70 хувийг дээрх сангаас хөнгөлж, иргэн 11 000 төгрөг төлж, худалдан авдаг. Харин “Новартис” компанийн амлодипин эмийн үнэ тээврийн зардалтайгаа нийлээд 8000-9000 төгрөг байх юм. “Новартис аксес” нь “Новартис” компаниас олон улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр. Энэ нь халдварт бус өвчнийг бууруулахад дэмжлэг үзүүлэх, бага, дунд орлоготой орнуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой. Манай улсын хувьд уналт таталт, цусны болон хөхний хорт хавдрын эсрэг эмүүд оруулж ирэхээр урьдчилсан хэлэлцээр хийсэн” хэмээн мэдээлэв.
Бэлтгэсэн М.Оч