Өнгөрсөн оны өвлөөс Монголд виртуал хөрөнгийн давлагаа үүсэн, энэ жилийн нэгдүгээр улирлыг дуустал иргэдийн криптовалют худалдан авах идэвх өндөр байлаа. Манай улсын насанд хүрэгчдийн 30, ажил эрхлэгчдийн 50 хувь нь дунджаар дөрвөн сая төгрөгөөр токен авсан гэсэн албан бус дүн бий. Улмаар уг зах зээлд 2021 онд 1.5 их наяд төгрөгөөр үнэлэхүйц виртуал хөрөнгө эргэлдэж байсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн. Нэг хүн хамгийн ихдээ 300 сая гаруй төгрөгөөр койн худалдаж авсан тохиолдол ч гарчээ. Тэгвэл өдгөө уг зээл дэх нийт койны үнэлгээ 2021 оныхоос тав дахин буурч, 300 тэрбум төгрөгт хүрсэн бол виртуал хөрөнгө худалдан аваад ашиг олоогүй, мөнгөө дэмий зарлагадсан хүн олширсоор байна. Уг нь Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа сэрэмжлүүлэн, койн, токен худалдан авахдаа болгоомжтой хандаж, эрсдэлээ тооцохыг анхааруулсан.
Мөн койны үйлчилгээ эрхлэгчдийг тус хорооноос бүртгэлжүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж эхэлсэн. Тодруулбал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор шаардлагад нийцсэн байгууллагуудад зөвшөөрөл олгосон. Үүнд тухайн байгууллагын нэвтрүүлж, ашиглаж буй технологи болон хүний нөөцийг үнэлэхийн зэрэгцээ мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн, эсэх гэсэн 10-аад шалгуур тавьжээ. Улмаар эл чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 27 байгууллагаас 13 нь үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн гэнэ. Эдгээрээс одоогоор есөд нь зөвшөөрөл олгоод байгаа аж. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнх “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд баталсан. Үүгээр тус салбарт үүссэн эрсдэлийг төр, засгаас хариуцахгүй гэдгийг тодотгож өгсөн. Мөн иргэдийг цахим хөрөнгө худалдан авахдаа болгоомжтой байхыг сануулсан 20 гаруй зөвлөмж, сэрэмжлүүлгийг хорооноос гаргасан. Гэсэн ч хүмүүс виртуал хөрөнгө худалдан авч, арилжаанд оролцсон хэвээр байна. Монголд сүүлийн хоёр жилд 65-70 нэр бүхий койн, токен арилжжээ. Эдгээрийг санал болгогчид 900 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний хөрөнгийг иргэд виртуал хөрөнгө худалдан авахад зарцуулсан гэсэн үг. Одоогоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрөлтэй байгууллага буюу есөн бирж үйл ажиллагаа явуулж, давхардсан тоогоор 800 000 хүн бүртгэлтэй байна. Үүнээс 300 000 орчим иргэн арилжаанд тогтмол оролцдог. Койныг иргэд хоорондоо арилжих, эсвэл тухайн бирж татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө худалдан авч, зарах зарчмаар зах зээл “хөдөлдөг”. Үүнээс гадна олон нийт нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаар дамжуулан арилжаанд оролцоод ч эрсдэл үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй. Хэдэн төгрөгөөр ямар ч койн худалдан аваад зах зээлийн савлагаа, ханшийн уналт зэргээс “шатаж” болно. Хэрэв “шатсан” тохиолдолд хариуцлага хүлээх эзэн байхгүй. Учир нь иргэд сайн дураар арилжаанд оролцож байгаа шүү дээ. Түүнчлэн виртуал хөрөнгийн зах зээл бол шинэ тутам салбар, яаж ч хувьсан өөрчлөгдөж мэднэ. Магадгүй хөрөнгө оруулалтын сайн хэрэгсэл байж болох ч одоогоор эрсдэлтэй хэвээр. Манай иргэд ч мэдлэг, ойлголт муутай уг зах зээлд оролцон, зөвхөн азаа үзэх, мөрий тавих маягаар хандаж буй нь учир дутагдалтай. Бидний хувьд зайны системийн тусламжтайгаар цахим хөрөнгийн арилжааг хянан, шаардлагатай тохиолдолд газар дээрх үзлэг хийнэ. Мөн виртуал хөрөнгийн салбар дахь далд хөрөнгийг ил болгох, мөнгө угаах нөхцөл үүсэхээс сэргийлэн ажиллана. Хэрэв хорооны зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулбал 200 хүртэлх сая төгрөгөөр торгох, техник, тоног төхөөрөмжийг нь хураан авах журамтай” хэмээн ярилаа.
Криптовалют нэрийн дор иргэд койн, токен санал болгон борлуулах, хүмүүсээс хөрөнгө татан төвлөрүүлэх хандлага хэвээр байгааг Б.Батмөнх онцолсон. Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэн, хянаж буйгаас бус, койн гаргагчдыг бүртгэх, олж илрүүлэх боломж байхгүй гэнэ. Хэрэв иргэд виртуал хөрөнгийн арилжаанд оролцох бол дээрх хороонд бүртгэлтэй байгууллагаар дамжуулах, эсвэл бүртгэлтэй, эсэхийг магадлах учиртай юм байна. Харин койн гаргагчид зөвшөөрөл бүхий биржээр дамжуулан арилжаагаа зохион байгуулах үүрэг хүлээжээ. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хороонд виртуал хөрөнгийн арилжаанд оролцоод хохирсон, мөнгөө алдсан гэсэн гомдол иргэдээс ирүүлээгүй байна. Маш олон хүн криптовалют худалдан авсан үеийнхээс ханш нь улам бүр унасан, оруулсан хөрөнгөө нөхөж чадаагүй гэж буй ч албан ёсоор гомдол гаргаагүй байх нь. Өөрөөр хэлбэл, хохирол хэмээн тооцохгүйгээр, авсан токеноо буцаан арилжиж, алдагдлаа нөхөх боломж хайж байж болох юм. Мөн худалдан авсан крипто валютынх нь ханш аз таарч өсөх, ямар нэгэн байдлаар төлбөрийн хэрэгсэл болохыг хүлээж байх ч мадагдалтай. Хэрэв иргэд зөвшөөрөлтэй биржээр үйлчлүүлж байгаад ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд хандаж болох аж. Харин криптовалют гаргагчидтай холбоотой санал гомдлоо цагдаагийн байгууллагад хүргүүлэх учиртай ч гэрээ байгуулж, сайн дураар арилжаанд оролцдог гэдэг утгаараа хариуцлагаа өөрсдөө хүлээнэ гэсэн үг. Энд дурдаж буй сэдэвтэй уялдуулан иргэдийн ярьсан жишээнээс эш татъя. Төрийн албан хаагч, 54 настай Ц 10 сая төгрөгийн цалингийн зээл авч, койн худалдан авчээ. Энэ талаараа тэрбээр “Найзынхаа ятгалгаар, өнгөрсөн тавдугаар сард 10 саяд нэг бүр нь нэг төгрөгийн үнэтэй койн худалдан авсан. Уг койныг Германд төвтэй, олон улсын байгууллагаас гаргасан, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй цахим хөрөнгө гэж ойлгосон. Үүнийг худалдан авах мөнгөө Худалдаа, хөгжлийн банкны данс эзэмшигч, хувь хүн рүү шилжүүлж, гар утсандаа биржийн аппликэйшн татан, цахим хэтэвчиндээ 10 сая төгрөгийн үнэ бүхий койнтой болсон. Гэтэл тус койны ханш тогтмол буурсаар өдгөө 20-30 мөнгөнд хэлбэлзэж байна. Мөн миний койныг худалдан авах хүн байхгүй, байлаа ч анх авсан үнээс харьцангуй хямдарсан учраас “шатах” нь. Гэхдээ койны ханш өснө гэж найдан, арилжааг анхааралтай ажиглаж байгаа” гэсэн юм. Хан-Уул дүүргийн иргэн А 2021 оны тавдугаар сард дөрвөн сая гаруй төгрөгөөр койн худалдан авчээ. Тухайн үед нэгж нь 60 мөнгөөр үнэлэгдэж байсан койны ханш өдгөө тав дахин унасан аж. Мөн койныг нь хоёрдогч зах зээлд борлуулахад хүндрэлтэй болж, өдгөө арилжаа нь зогсонги байдалд орсон гэнэ. Тэгвэл Баянгол дүүргийн иргэн Д.Цог нэр хүнд бүхий санхүүгийн нэгдэлээс гаргасан токеныг 20 сая төгрөгөөр худалдан авчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн арилжаанд идэвхтэй оролцсоны үр дүнд оруулсан хөрөнгөө өсгөж чадсан аж. Гэхдээ олсон ашгаа үрж, мөн дахин дахин койн худалдан авснаар өдгөө алдагдал хүлээгээгүй ч бараг койнгүй болсон гэнэ. Д.Цог “Койны ханш хэдэн 10 дахин нэмэгдэн, оруулсан хөрөнгөө тэр хэрээр өсгөх боломж гарсан. Хүний шунал хязгааргүй учраас өнөөдөр 100 000 төгрөгийн ашиг олбол маргааш илүүг олохыг хичээдэг юм байна. Койны арилжаанаас би жил гаруйн хугацаанд 10 орчим сая төгрөгийн ашиг олсон. Одоо бол ханш нь унасан, мөн койноор зарим дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдан авна гэж сурталчилж байсан нь талаар болж, иргэд хоорондоо л наймаа хийхээс өөр гарц алга. Миний эргэн тойрны найзууд, хамаатнуудаас койн худалдан авч, арилжаанд оролцоогүй хүн цөөн бөгөөд тэдний олонх нь анх оруулсан хөрөнгөө олж авч чадаагүй. Би азтай байлаа” хэмээн ярив.