Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны эхний есөн сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэв. Өнгөрсөн сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 27.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Уг дүн өмнөх жилийн мөн үед 27.3 их наяд байсан бөгөөд валютын харилцах 1.9 их наяд, төгрөгийнх 624 тэрбум төгрөгөөр өссөн нь мөнгөний нийлүүлэлт ийн нэмэгдэхэд нөлөөлсөн гэнэ. Тэгвэл нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 23 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийн тухайд 1.2, чанаргүй зээл 2.6 их наядад хүрсэн аж. Төгрөгийн хадгаламж 12.6 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаасаа 2.3 хувь буюу 290.5 тэрбумаар багассан гэсэн үг. Мөн өмнөх жилийн есдүгээр сарын эцсийнхтэй харьцуулбал даруй 2.7 их наядаар (17.9 хувь) буураад байна. Ийм хадгаламжийн 11.3 их наяд төгрөг (89.7 хувь) нь иргэдийнх, 1.3 (10.3) нь аж ахуйн нэгж, байгууллагынх гэнэ. Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаасаа 59 (1.3 хувь), 2021 оны мөн үеийнхээс 452.5 (10.9) тэрбумаар дээшилсэн дүн болов. Ташрамд дурдахад, Монголбанкнаас зарласан албан ханшаар есдүгээр сард ам.доллар дунджаар 3257.1 төгрөгтэй тэнцэж байлаа. 2019 оны есдүгээр сард эл тоо 2669.68, дараа жил нь 2854.17, 2021 онд 2848.94 төгрөг байсан бол ийн өсжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1-9 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2021 оны мөн үеийнхээс 1.4 их наядаар (12.7 хувь) өссөн үзүүлэлт юм байна. Эл хугацаанд улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 39.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс гурван хувиар (1.1 сая тонн) илүү гэнэ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрсэн нь 2021 оныхоос 1.1 их наядаар (8.2 хувь) нэмэгдсэн дүн аж. Тухайлбал, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний есөн сард 10.4 их наяд төгрөг болсон нь 7.2 хувь буюу 698.9 тэрбумаар дээшилсэн гэсэн үг. Чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 633 (27.5 хувь), металлын хүдрийнх 187 тэрбумаар (2.9) өссөн нь үүнд голлон нөлөөлснийг тайланд дурджээ.
Бэлтгэсэн Б.Сонор