Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, ерөнхий мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн зөвлөх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 10 дугаар сарын 10-ноос 16-ны өдрүүдэд баруун бүсийн Баян-өлгий, Завхан аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд богино хугацааны томилолтоор ажиллаа. Тодруулбал, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийн, эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
Төрөлжсөн мэргэшлийн нэгдсэн баг бүрэлдэхүүн томилолтын хугацаанд лавлагаа шатлалын тусламж шаардлагатай нийт 80 гаруй үйлчлүүлэгчид орон нутгийн эмч нарын багтай хамтран үзлэг, оношилгоо, эмчилгээ хийснээс хөлийн өнгөц венийн судасны өргөсөлтэй хүнд хэлбэрийн дөрвөн тохиолдолд судасны мэс засал, гэмтлийн шалтгаант тархины мэс заслын дараах гавлын яс нөхөн сэргээх мэс засал, цөсний хүүдийн чулуутай гурван тохиолдолд цөсний хүүүдий авах дурангийн мэс заслуудыг амжилттай хийлээ.
Мөн Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дэмжих төвд урьдчилан сэргийлэх үзлэгийн зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар суурилагдсан зүрхний ачаалалтай бичлэгийн аппаратыг ажиллагаанд оруулж, эмч мэргэжилтнүүдэд сургалт хийн зүрхний ачаалалтай бичлэгийн шинжилгээг хийж эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн холбогдох мэргэжлийн эмч нарт захын болон венийн судасны эмгэгийн эмчилгээний менежмент, титэм судсан дотуурх эмчилгээний дараах антиагрегант эмчилгээ, тархины харвалт ба бүлэн уусгах эмчилгээний протокол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ.