Арилжааны банкуудыг олон нийтэд хувьцаагаа арилжин, компанийн хэлбэрээ өөрчлөхөөс өмнө Монголбанкны санаачилгаар активын чанарын хараат бус, хөндлөнгийн үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар хийлгүүлсэн тухай мэдээлэв. Уг үнэлгээг Бүгд Найрамдах Казахстан Улсын “PricewaterhouseCoopers tax & advisory LLP” компани энэ оны 6-8 дугаар сарын хооронд гүйцэтгэж, тайланг нь Монголбанканд ирүүлжээ. Өмнө нь банкуудад хөндлөнгийн активын чанарын үнэлгээг 2017 онд хийж байв. Тэгвэл таван жилийн дараа ийнхүү дахин хийсэн аж. Үнэлгээнд системд нөлөө бүхий таван банкны нийт зээлийн багцын 70 орчим хувийг хамруулж, тэдгээрт харгалзах 300 барьцаа хөрөнгийн үнэлгээнд баталгаажуулалт хийсэн гэнэ. Эл үнэлгээний ажил нь мэдээллийн иж бүрдлийн баталгаажуулалт, түүвэрлэлт, зээлийн хувийн хэргийн шалгалт, барьцаа хөрөнгийн болон өмчлөх бусад хөрөнгийн үнэлгээ, бүлгийн эрсдэлийн сангийн шинжилгээ, өөрийн хөрөнгийн тохируулга, чанарын хяналт гэсэн найман хэсгээс бүрджээ. Үнэлгээг банкуудын өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаарх актив хөрөнгөд хийсэн тул үр дүн нь мөн үеийн байдлаар гарсныг дурдав. Тус үнэлгээний үр дүнгээр буюу тохируулга хийсний дараах байдлаар банкууд 22.2 тэрбум төгрөгийн (ДНБ-ий 0.05 хувьтай тэнцэх) нэмэлт өөрийн хөрөнгийг төвлөрүүлэх шаардлагатай болжээ. Энэ нь 2017 онд хийсэн үнэлгээний үр дүнгээр дээрх үзүүлэлт 512 тэрбум буюу ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэж байсантай харьцуулахад харьцангуй бага гэв.
Монголбанкны Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журамд зааснаар банкны нийт өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа 12 хувиас багагүй байх шаардлагатай. Тэгвэл банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь нэгдсэн байдлаар 14.5 хувьтай гарчээ. Түүнчлэн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа 25 хувь байхаас дээрх үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараах байдлаар 34.8 хувьтай гарсан нь зохистой харьцааны шалгуурыг мөн хангасан гэнэ. Монголбанкнаас эл үнэлгээний үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлон, банкуудад хугацаатай үүрэг даалгаврууд өгчээ. Тэдгээр нь системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагааг үр нөлөөтэй хэрэгжүүлэх үндсэн зорилготой аж. Тодруулбал, шаардлагатай зээлүүдийн ангилалд өөрчлөлт оруулах, нэмэлт эрсдэлийн сан байгуулж санхүүгийн тайланд тусгах, зарим банканд өөрийн хөрөнгийг тогтоосон хугацаанд шаардлагатай хэмжээгээр нэмэгдүүлэх зэрэг даалгавар өгчээ. Банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгохоос өмнө тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлэх үүрэгтэй гэнэ. Цаашид ийм хөндлөнгийн үнэлгээг таван жил тутам хийж, үр дүнг нь мэдээлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн Б.Сонор