Оюутан залуучуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох зорилгоор “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” УРИАН ДОР ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ 2 САРЫН АЯН"ыг зохион байгуулахаар болж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Уг аянд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭМЯ, БШУЯ, ЭМДЕГ, ГБХЗХГ, БЕГ болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, СЭМҮТ, НЭМҮТ, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд оролцож байгаа юм.
Энэ хүрээнд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт болон оюутан залууст нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, сургалт сурталчилгаа зохион байгуулах, оюутан залуусын эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
Харин оюутнууд ЭМД-аараа урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзүүлэг оншилгоонд орохын тулд ЭМД-ын шимтгэлээ төлсөн байх учиртай.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагддаг. Тиймээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ч мөн эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлөх иргэнд багтдаг. Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлнө.
Жишээлбэл, Оюутан залуучууд энэ онд сарын 4200, жилийн 50400 төгрөгийг төлнө. Төлөлтөө И-баримт гар утасны аппликейшнээр дамжуулан төлбөл 15-30 минутын дотор шууд баталгааждаг. Мөн шимтгэлээ баталгаажсан эсэхийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-монголиа болон ЭМДЕГ-ын emd.gov.mn сайтаас өөрийн РД-аа оруулан шалгах бүрэн боломжтой.
Оюутнууд ийнхүү ЭМД-аа төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудаас 16 төрлийн багц тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлнэ. Мөн Урьдчилан сэргийлэх, эрт үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдахаас гадна ЭМД-аас үнийн дүнг нь зайлшгүй хөнгөлөх шаардлагатай 600 гаруй эмийг 30-70 хөнгөлүүлэн авах олон боломжууд оюутнуудад нээлттэй болсон.