Өнөөдрийн “Шинэ танил” буландаа М.Мөнхбаяр, Г.Болорчимэг нарыг онцолж байна. Тэд Үндэсний улсын аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын XXV их наадамд амжилттай оролцож “Форм цаас ашиглаж хумс хийх технологи” төрлөөр тэргүүн байр эзэлсэн. Г.Болрчимэг нөхрөө хумсны моделиор сонгож тэмцээнд оролцсон нь олны анхаарлыг татсан билээ. Тэдэнтэй анх хэрхэн танилцаж байсан болон уг тэмцээнд оролцоход ямар хүлээлэлтэй байсан талаар ярилцлаа.
-Юуны өмнө тэмцээндээ амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн та хоёрт баяр хүргэе. Өөрсдийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
М.Мөнхбаяр: Баярлалаа. Намайг Мягмарсүрэнгийн Мөнхбаяр гэдэг. Эхнэр охнины хамт амьдардаг. Үсчин мэргэжилтэй.
Г.Болорчимэг: Намайг Ганболдын Болорчимэг гэдэг. Маникюрчин. Энэ мэргэжилээрээ дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
-Оролцсон тэмцээнийхээ талаар мэдээлэл өгөөч ?
Г.Болорчимэг: Улсын аварга шалгаруулах уг тэмцээн анх удаа Эрдэнэт хотод болсон. 21 аймгаас үсчин, гоо засалч, маникюрчин гээд 250 гаруй хүн ур чадвараа сорьсон. Харин миний оролцсон төрөлд 50 гаруй хүн өрсөлдлөө. Цар тахал гарсны улмаас хоёр жил завсарлаад энэ жил дахин зохион байгуулагдсанд баяртай байна.
-Нөхөр тань хумсны модель болсон. Эрэгтэй хүн хумсны модель болсон нь содон санагдсан. Яагаад нөхрийгөө сонгосон бэ. Эвсэл эмэгтэй хумсны модель олдоогүй юм уу?
Г.Болорчимэг: Анх тэмцээнд оролцохоор төлөвлөж байхдаа нөхрийгөө модель болгоно гээд дотроо бодчихсон байсан. Учир нь манай нөхөр гоё гартай. Эмэгтэй модель сонгох боломж байсан. Гэхдээ яагаад эрэгтэй модель байж болохгүй гэж бодоод нөхөртөө санал тавьсан. Тэр нь ч хүмүүст их содон санагдсан болов уу.
Мөн эрэгтэй модель сонгож тэмцээнд орохыг багш минь дэмжсэн. Иймээс нөхрийнхөө хумсыг будахаар шийдсэн.
-Хумсаа будуулахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Өмнө нь ингэж будуулж байсан уу?
М.Мөнхбаяр: Өмнө нь хумсаа урт болгож будуулж үзээгүй. Эхлээд их ичсэн. Гэхдээ эхнэрээ дэмжиж байгаа юм чинь юундаа ичих вэ дээ гэж бодоод өөрийгөө тайвшруулсан. (инээв) Тэмцээн хоёр цаг орчим үргэлжилсэн. Энэ үед эмэгтэй хүмүүс ямар тэвчээртэй юм бэ гэж бодогдсон. Тасралтгүй хоёр цагийн хугацаанд хөдлөхгүй сууна гэдэг чинь асар их тэвчээр юм билээ. Тэмцээнд оролцохын өмнө баруун гарын таван хурууг будах шаардлагатай юм билээ. Харин тэмцээнд оролцохдоо зүүн гарын таван хурууг будуулсан. Ингэхгүй бол цагтаа багтдаггүй гэсэн.
Эхнэрийнхээ авьяасаа гаргаж будсан 4 см урт хумстай 24 цаг байж үзсэн. Хувцсаа тайлж, өмсөхөд урт хумс төвөгтэй. Ер нь юманд хүрэхээр эмзэг, хугарах юм шиг санагдаад эвгүй, дасаж өгөхгүй байсан. Эмэгтэйчүүд яаж болгодог байна аа гэх бодол төрсөн шүү.
-Тэмцээний сонгон шалгаруулалт эхлэхэд та хоёр ямар хүлээлттэй байв. Түрүүлнэ гэж төсөөлөгдсөн үү?
М.Мөнхбаяр: Улсын аваргад ур чадвар, туршлагатай маш олон хүмүүс хоорондоо өрсөлдсөн. Хамгийн гол нь эхнэрийн чадварт итгэдэг учраас шагналт байр эзэлнэ гэдэгт нь огтхон ч эргэлзээгүй. Зарим хүн нөхрөө авч ороод түрүүлчихлээ гэж байсан. Энэ ойлголт өрөөсгөл.
Г.Болорчимэг: Өөрийгөө сориод тэмцээнд оролцоод үзье гэж бодсон. Тэмцээний үеэр аль болох өөрийгөө тайван байлгаж, хумс будахдаа бүх анхаарлаа хандуулсан.
-Сошиал орчинд та хоёрын уг тэмцээнд түрүүлсэн гэх эерэг мэдээлэл их тархсан. Ийм олон хүнд хүрнэ гэж бодож байсан уу?
Г.Болорчимэг: Хүмүүс эерэгээр хүлээж авсанд маш их урам авсан. Ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй. Гэхдээ анх тэмцээнд бэлдэж байхад эргэн тойрны хүмүүс эрэгтэй модельтой оролцох дэмий биш үү гэх шүүмжийг мэр сэр хэлсэн. Өөр гоё гартай охид олсон нь дээр гэх саналууд ч тавьсан.
М.Мөнхбаяр: Бид хүмүүс юу гэх талаар төсөөлөл байгаагүй. Хамгийн гол нь өөрсдөдөө гоё дурсамж бүтээе гэсэн бодолтой ороод түрүүлсэндээ баяртай байна. Мөн хүмүүс эерэгээр хүлээж авсан нь сайхан санагдсан.
-Өмнө нь эрэгтэй модельтой уг тэмцээнд оролцож байсан тохиолдол байдаг уу ?
М.Мөнхбаяр: Миний хувьд 2016 оноос хойш үсчний чиглэлээр улсын тэмцээн уралдаанд оролцож байсан. Ингэхэд эрэгтэй модельтой маникюрчин хараагүй. Дэлхийн уралдаан тэмцээнд эрэгтэй модельтой оролцож байсан тохиолдол байгаа үгүйг сайн мэдэхгүй юм.
Г.Болорчимэг: Монголд улсын чанартай тэмцээн уралдаанд оролцоод тэргүүн байр эзэлсэн анхны тохиолдол байж магадгүй. Харин сургалтад бол эрэгтэй хүний гарыг будах тохиолдол байдаг.
–Та хоёр анх хэрхэн танилцсан түүхээ манай уншигчидтай хуваалцвал ?
М.Мөнхбаяр: 2019 онд Эрдэнэтэд танил ахынхаа салонд очихдоо эхнэртэйгээ анх танилцаж байлаа. Анхны харцаар эхнэртээ дурласан. Тухайн үед хотод ажилладаг байв. Эхнэрээ харсан тэр цагаас хойш Эрдэнэтэд амьдрахаар шийдэж, ажлаасаа гарсан.
Г.Болорчимэг: Анх харахад бусдаас өвөрмөц имижтэй, олон шивээстэй содон байсан нь таалагдсан. Манай нөхөр надтай үерхээгүй байхдаа ажлаасаа гарч байлаа (инээв).
-Нөхөр нь тань өөртөө их итгэлтэй байж дээ?
Г.Болорчимэг: Магадгүй. Намайг өөрт нь талтайг анзаараад гарсан болов уу. Гэхдээ анхны харцаар бие биедээ татагдсанаа мэдэрсэн учраас тэр байх.
- Үсчин, маникюрчин мэргэжлийг яагаад сонгосон бэ?
Г.Болорчимэг: Өөрийнхөө сонирхлоор бие дааж хумс будаж сурсан. Янз бүрийн бичлэг үзэж хумсаа будах дуртай. Улмаар энэ мэргэжлийг эзэмшсэн.
М.Мөнхбаяр: Би авто инженерийн чиглэлээр сурдаг байсан. Үүндээ дуртай биш. Урлаг тал руугаа сонирхолтой. Нэг удаа найзтайгаа төрсөн өдөрт явах гэтэл үсээ засуулах мөнгөгүй байлаа. Тэгээд таньдаг үсчин эгчийн салон дээр очоод үсний машинаар нь найзынхаа үсийг зассан юм. Тэгсэн тун дажгүй засаж байгаагаа анзаараад үсчин болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, санамсаргүй явж байгаад далд авьяасаа олж харж, өөрт тохирох ажлаа олсон доо.
-Салбар ойролцоо юм байна. Хамтдаа салон нээх бодол бий юу?
М.Мөнхбаяр: Эхний ээлжид би өөрөө barber shop нээнэ. Эхнэрийн хувьд ч цаашдаа мэргэжлээрээ хөгжих зорилт тавьсан. Улсын аваргад орлоо үүний цаана дахиад нэг Азийн аварга, дэлхийн аварга байгаа шүү дээ. Ер нь зорилго тэмүүлэл маш их бий. Яваа яваандаа цаг хугацаа харуулах байх л гэж бодож байна даа.
Г.Болорчимэг: Barber shop чинь яг эрэгтэйчүүдийн жаргалын орон гэж явдаг шүү дээ. Эрэгтэй хүмүүст зориулсан газар гэж ойлгож болно. Их дуу чимээтэй, гэрэл гэх мэт өөр зүйлс бий. Харин маникюр болохоор хоорондоо сэтгэлээ онгойлгож юм ярих хэмжээний тав тухтай орчин байх шаардлагатай. Иймд бид хоёр хамт ажиллах орчин бүрдэхгүй байх.
М.Мөнхбаяр: Хамгийн гол нь бид үйлүүлэгчээ хүндлээд тэдэнд тохирсон орчин бүрдүүлж ажиллах нь чухал гэж үздэг.
-Ажлаасаа авдаг мэдрэмжүүдээсээ хуваалцаач?
М.Мөнхбаяр: Хүний тэргүүнд хүрнэ гэдэг буянтай ажил. Хэн бүхний хийгээд байдаг амар ажил биш. Тэр хүний гадаад төрх, зан байдал, ажил, мэргэжилд нь тохируулж үсийг нь засаж, өөртөө итгэх итгэлийг нь олгож байгаадаа сэтгэл өег, сайхан мэдрэмж авдаг.
Г.Болорчимэг: Хүмүүс чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлэхийг сонсоод ажлаа сайн хийлээ гэж боддог. Зарим тохиолдолд хумсаа гоё будуулахаас илүүтэй ярилцах дуртай үйлчлүүлэгч их ирдэг. Намайг зорьж ирсэн хүмүүсийг сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг.
-Гар болон үс арчилгааны талаар энгийн зөвлөгөөг өгөөч ?
Г.Болорчимэг: Хумсаа гэмтээхгүйн тулд 14-21 хоногт гелэн будгаа заавал солиулж байх ёстой. Зарим хүмүүс будаг арилахгүй байгаа гээд 1-2 сар будагтай явах нь хумсаа гэмтээх нэг шалтгаан болдог. Үнэхээр гэмтээд нимгэрсэн хумсыг хамгаалтын гель тавиулж будуулж болно. Мөн дотроосоо үс, хумсны амин дэмийг уух хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрдсийн дутагдлаас болж хүний үс, хумс амархан гэмтдэг. Иймд цайрыг дангаар уувал сайн нөлөөтэй.
М.Мөнхбаяр: Хамгийн эхэнд дадлага туршлагатай сайн үсчин дээр очиж үйлчилгээ авахыг зөвлөж байна. Тэгээд өөрт тохирсон бүтээгдэхүүн болон үс засалтаа хийлгэх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.