Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлэх болсон. Уг арга хэмжээний хүрээнд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн өчигдөр Булган аймагт үргэлжлэв. Хөвсгөл аймгаас өнгөрсөн даваа гаргаас эхэлсэн тус хөдөлгөөн ирэх өдрүүдэд Орхон, Дархан-Уул аймагт үргэлжлэх гэнэ. Жил бүрийн аравдугаар сарын 16-нд дэлхийн хүнсний өдөр тохиодог уламжлалтай. Уг өдрийг тохиолдуулан энэ сарыг дуустал дээрх хөдөлгөөнийг 21 аймагт зохион байгуулах юм байна. Энэ нь уг хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлэх эхлэл болж байгаа аж.
Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга А.Амаржаргал нар орон нутагт ажиллаж байгаа гэнэ. Тэд аймгуудад хүнсний үйлдвэрлэл эрхлэх боломжтой танилцаж, ямар дэмжлэг шаардлагатайг тодорхойлох юм байна.