Манай улсад өнгөрсөн наймдугаар сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол бүртгэгдсэнийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн сард мөн гурван хүн ХДХВ/ДОХ-оор халдварласан нь батлагджээ. Эдгээр тохиолдлын нэг нь Баян-Өлгий аймагт, хоёр нь нийслэлд бүртгэгдсэн аж. Ингэснээр энэ он гарснаас хойш уг өвчнөөр оношлогдсон хүний тоо 14-т хүрэв. Уг тоог өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад наймаар нэмэгдсэн байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдлыг илрүүлсэн. Түүнээс хойш өнгөрсөн сарын эцсийн байдлаар нийт 341 хүн уг өвчнөөр оношлогджээ. Өвчилсөн хүмүүсийн 50 нь нас барсан аж. Энэ оны тухайд уг өвчнөөс улбаалсан нас баралт бүртгэгдээгүй. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 29 төрлийн халдвараар 303 136 хүн өвчилснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэв. Үүний дийлэнх буюу 287 517 нь коронавирусийн халдвар юм байна. Түүнчлэн амьсгалын замын бусад халдварт өвчний 3418 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилийнхээс 1446-гаар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Мөн бэлгийн замаар дамжих халдварт өвчний 7944 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1242-оор өсжээ. Бэлгийн замаар дамжих халдварын 36.9 хувийг заг хүйтэн, 35.9 хувийг тэмбүү өвчин эзэлсэн байна. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн жилийнхээс 205 тохиолдлоор нэмэгджээ.
Бэлтгэсэн М.Оч