Цар тахлын оргил үеүдэд иргэд олноороо өвчилж, улсын эмнэлгүүд хүчилтөрөгчийн хомсдолд орж байсан билээ. Үүнээс улбаалан хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах арга хэмжээг эхлүүлсэн юм. Тэгвэл улсын хэмжээний хэрэгцээг бүрэн хангах хүчилтөрөгчийн үйлдвэрүүдтэй болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны 15.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон даяар буюу аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хүчилтөрөгч нийлүүлэх, бүрэн автомат, ухаалаг систем бүхий 26 үйлдвэр байгуулжээ. Эдгээр үйлдвэрийг эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, дотор, мэс засал, халдварт, хүүхдийн тасагтай ханын системээр холбосон тул үйлчлүүлэгчдийг эмчлэхийн тулд хүчилтөрөгч зөөх, шилжүүлэх зэрэг шат дамжлага, хүний оролцоог халсан гэнэ. Өмнө нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд Улаанбаатараас баллонтой хүчилтөрөгч зөөвөрлөж, ашигладаг байв. Энэ шат дамжлагыг үгүй болгосноор аймгийн Нэгдсэн эмнэлгүүд жилд 50-100 сая төгрөг хэмнэх аж.
Бэлтгэсэн М.ОЧ