Хангайн бүсийн зарим нутгаар өдийд цас дарж, сэрүү ороод буй бол говьд нар ээсэн налгар өдрүүд үргэлжилж, талын тачир ургамлууд нь шаргалтан, усны илэрц бүхий хэсгээрээ ногоорч харагдана. Албаны хэлээр бол дулааны нийлбэр хамгийн өндөр буюу манай орны хамгийн “халуун” бүс Өмнөговь аймаг, тэр тусмаа Цогтцэций сумын орчимд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нар ээсэн өдөр тохиов. Эл өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан шинээр байгуулж буй “Грийн центер” цогцолборынхоо орчимд 3000 уурхайчин 30 000 мод тарих өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт тус компанийн хамт олноос гадна туслан гүйцэтгэгч, түнш байгууллагуудын нийт ажилтан, ажилчид 30 000 орчим суулгац суулгалаа. Говийн хөрс чулуур хаг, уур амьсгал нь хуурай учраас хайлаас, агч зэрэг мод хамгийн тохиромжтой бөгөөд уурхайчид голдуу хайлаас тарьсан юм. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн байгаль орчны мэргэжилтэн Б.Оргил “Манай улс экологийн доройтлоо бууруулж, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор 2030 он гэхэд нэг тэрбум мод нэмж тарих зорилт тавьсан. Үүний хүрээнд цөөнгүй ажил өрнүүлж буйн нэг нь уул уурхайн томоохон ордод үйл ажиллагаа явуулдаг компаниуд орчин тойрноо нөхөн сэргээх, ногооруулах амлалт авсан явдал. “Эрдэнэс Тавантолгой” нь охин компани, туслан гүйцэтгэгчдийнхээ хамт нийт 180 сая мод тарих зорилт тавьсан бөгөөд өнөөдөр 30 000 суулгац суул галаа. Манай компани мод үржүүлгийн 10 га талбайтай. Тэндээ сүүлийн нэг жилд 50 000 орчим үрслэгээ, суулгац бойжуулсан. Тарьсан суулгацууд маань 1-2 настай нялх ургамал. Тиймээс дулаан өдөрт хоёр удаа услан, тордоно гэсэн үг. Мөн бид таван агропарк барихаар төлөвлөн ажиллаж буй. Эдгээрт жилд 15-20 сая ширхэг үрслэгээ бойжуулж, суулгац бэлтгэх юм. Ногоон байгууламжийн ажлынхаа техник, эдийн засгийн үндэслэлийг ХААИС-ийн эрдэмтэн, багш нартай хамтарч боловсруулсан. Агропаркуудыг ирэх хоёр жилд багтаан ашиглалтад оруулна” хэмээн ярилаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийнхан шинээр барьж буй “Грийн центер”-ийн орчим, мөн Цогтцэций сумд нийт таван агропарк барихаар төлөвлөн, ажлаа эхлүүлэн, хүлэмжүүдээ угсрахад бэлэн болгожээ. Хүлэмжид голдуу мод үржүүлэх бөгөөд үрээс үрслэгээ, суулгац бойжуулахын зэрэгцээ өсгөвөр эд, эс ашиглах аж. Тодруулбал, өсгөвөр эд, эсээс суулгац бэлтгэх шинэ технологи нутагшуулахаар 100 гаруй жилийн түүхтэй, Голландын “Viscon group”-тэй хамтран ажиллахаар болжээ. “Viscon group”-ийн мэргэжилтэн Мансвэлд Даан “Манай компани өсгөвөр эд, эсээс тарьц, суулгац бэлтгэх багагүй туршлага хуримтлуулан, цөөнгүй улсад эл технологио нэвтрүүлж, хамтран ажиллаж буй. Өсгөвөр эд, эсээс ургамал бойжуулах нь цаг хугацаа хэмнэх төдийгүй, тарьц, суулгацууд нь чанартай, урт настай байж болдгоороо онцлог. “Эрдэнэс Тавантолгой” компанийн агропаркийн хүлэмжид бид жилд таван сая хүртэлх үрслэгээ, суулгац бэлтгэх төлөвлөгөөтэй” хэмээн өгүүлэв. Говь нутагт нүдэнд торж, халиурч найгах өвс, мод элбэг биш ч үндэс нь доошоо хавж, усны судлаа тогтоон, хөрсний элэгдлээс хамгаалж байдаг тачир, тэсвэртэй бут, мод, ургамал зонхилдог. Өөрөөр хэлбэл, говьд ургасан, тарьсан мод дээшээ саглайн өсөхөөс илүүтэйгээр хөрсөнд тэлж ургадаг юм байна. Ийн тэлж ургадаг учраас хүний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц өндөр, том мод болтлоо олон жил зарцуулдаг гэнэ. Тиймээс тогтмол арчилж, тордон, мод ургалтын явцын үнэлгээ хийх хэрэгтэйг өдөрлөгт оролцогчид онцолж байв.
Энд дурдаж буй “Грийн центер” нь 5600 ам метр ногоон байгууламж бүхий уурхайн хотхон юм. Тус хотхонд 300 ажилчин амьдрах байр, 150 хүн ажиллах оффисын барилга, задгай театр, спорт танхим, цахилгаан болон дулааны дэд станц барина. Одоогоор ажилчдын байр, оффиссын барилга, дулааны станцын ажлын явц 90 хувиас давсан бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайчид гэр кэмпээ халж, тохилог сууцад амьдрах боломж бүрдэнэ гэсэн үг. Түүнчлэн “Грийн центер”-ийн барилга, байгууламжийн цахилгааныг сэргээгдэх эх үүсвэрээс хангах буюу нарны панель, салхин сэнс суурилуулахаар төлөвлөсөн гэсэн. Мөн эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, лед гэрэл зэргийг сонгон суурилуулснаа тус компанийн барилгын инженер Ё.Одбаяр хэллээ.
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ 15 ХУВЬТАЙ БАЙНА
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн барилга, байгууламж барих ажлын явц өнгөрсөн долоо хоногийн байдлаар 15 хувьд хүрчээ. Уг үйлдвэрийг барих ажлын хүрээнд иргэний болон үйлдвэрийн барилга, цахилгаан, усан хангамж зэрэг 22 барилга, байгууламж барих юм. Одоогоор төслийн талбайд туслан гүйцэтгэгч зургаан компанийн 170 орчим хүн ажиллаж байна. Баяжуулах үйлдвэр нь жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий гурван блокоос бүрдэнэ. Нэг блок нь 10 сая тонн бүтээгдэхүүн баяжуулах бөгөөд эл хэсгийг 2023 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулах нь. Үлдсэн блокийнх нь ажлыг 2026 онд багтаан дуусгах бөгөөд жилд нийт 30 сая тонн нүүрс баяжуулан, нийлүүлэхээр төлөвлөсөн. Нүүрс баяжуулна гэдэг нь түүхий эдийн үнслэг чанарыг багасган, хатуулгийг нь нэмэгдүүлэн үнэ цэн бүхий эцсийн бүтээгдэхүүн бий болгохыг хэлж буй. Баяжуулах үйлдвэртэй болсноор жилд дунджаар 180 гаруй сая ам.долларыг орон нутаг, улсын төсөвт төвлөрүүлж, 1000 гаруй ажлын байр бий болгох зорилт бий. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай материал, түүхий эд тасалдаагүй, ажил нь төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна.
ХОЁР САРД 48 000 ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭН, НИЙЛҮҮЛЖЭЭ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км-ийн урттай, шинэ төмөр зам барьж буй бөгөөд гол замыг нь өнгөрсөн сард ашиглалтад оруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг замаар нүүрс тээвэрлэх түр ачилтын талбайг өнгөрсөн долдугаар сарын 9-нд байгуулж, зүгшрүүлэх тээврийг (төмөр замын чанар, ачаа тээх явцын хяналт) сар орчмын өмнө эхлүүлсэн юм байна. Ингэснээр сүүлийн хоёр сард дээрх түр ачилтын талбайгаар дамжуулан 48 000 тонн нүүрс тээвэрлэснийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдээллээ. Түр ачилтын талбай гэдэг нь урд хөршөөс ирүүлсэн хоосон чингэлгийг цуглуулж тээврийн хэрэгсэлд ачин, нүүрсний агуулах руугаа илгээнэ. Нөгөөтээгүүр, агуулахаас ирүүлж буй нүүрстэй чингэлгийг автомашинаас хүлээн авч, төмөр замаар урд хөрш рүү “явуулах” ачих, буулгах хэсэг юм. Гол төмөр замаар долоо хоногт 3-4 удаа, нэг удаад 100 чингэлэг нүүрс нийлүүлж байгаа гэнэ. Түр ачилтын талбайг ирэх жилд багтаан гаалийн хяналтын бүс болгохоор төлөвлөжээ. Уг талбайд одоогоор нэг ээлжид 5-6 хүн, 24 цагаар тасралтгүй ажиллаж байгааг “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төслийн удирдлага, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баттөр дурдлаа. Үүнээс гадна дээрх төмөр замаар “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийг хэвийн тээвэрлэж байгаа юм. “Тавантолгой түлш” компани нь жилд хоёр сая тонн мидлинг хэрэглэдэг бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд 23 000 тонн орчим түүхий эдийг түр ачилтын талбайгаас татан авчээ.