Эрүүл мэндийн эрт илрүүлгийг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын эцсийн байдлаар хүн амын 10 гаруй хувь буюу 356 141 иргэн уг үзлэгт хамрагджээ. Насны хувьд 64.7 хувь нь хүүхэд, бусад нь насанд хүрэгч аж. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс нийт 189 106 төрлийн өвчлөл илрүүлсэн байна. Үүний дотор ямар өвчнүүд зонхилж байгааг тоон мэдээнд үзүүллээ. Эхний таван сарын үзлэгийн үр дүнд 1357 хүнээс хортой болон хоргүй хавдрын сэжигтэй шинж тэмдэг илрүүлж, өдгөө оношийг баталгаажуулах шинжилгээг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд хийж байгааг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлэв. Тухайлбал, шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 61-ээс нь хорт хавдрын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн аж. Тэдний 17 нь тав хүртэлх настай юм байна. Мөн насанд хүрсэн 215 хүнээс хорт хавдрын сэжигтэй шинж тэмдэг илрүүлжээ. Түүнчлэн нийт 230 хүнээс сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлт илэрч, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авсан гэнэ. Бас халдварт өвчний 4484 сэжигтэй тохиолдол илрүүлж, өдгөө ХӨСҮТ-д оношийг баталгаажуулахаар ажиллаж байгаа аж.
Бэлтгэсэн М.Оч