Эдийн засгийн бодит сектор буюу худалдаа, үйлчилгээний салбарынхны борлуулалтын орлого өмнөхтэй харьцуулбал 20-30 хувиар буурсан гэж ярьж буй. Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сард аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 386.1 тэрбум төгрөг буюу 15.7 хувиар буурсныг танилцуулсан. Энэ нь эдийн засгийн бодит секторын орлого багассаныг нотлох үзүүлэлт юм. Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурч буй нь эдийн засаг сэргээгүйг харуулж байна” гэж ярив.
Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сард мөнгөний нийлүүлэлт 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 492 тэрбум буюу 1.8 хувиар буурсныг мэдээлсэн. Үүнд төгрөгийн хадгаламж 2.5 их наяд төгрөг (16.3 хувь), хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 78.9 тэрбумаар (9.8) багассан нь нөлөөлжээ. Зарим эдийн засагч иргэд хадгаламжийн мөнгөө ашиглаж байгаа учраас буурсан гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь хувьцаа, койн, бонд худалдаж авахад зарцуулсан гэж таамаглаж байна. Мөнгөний нийлүүлэлт өмнөх жилүүдэд дунджаар 18 хувиар өсөж байсан билээ. Үүний нийлүүлэлт буурсан учраас зах зээлд мөнгө дутагдаж, борлуулалтын орлого багассан хэрэг.