Монгол Улсын Засгийн газраас 2022 онд дэвшүүлсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Цахим үндэстэн” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад өчигдөр гарын үсэг зуржээ. Кибер аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий уг техникийн хамтын ажиллагааны төсөл нь энэ оны арванхоёрдугаар сараас 2026 оны арваннэгдүгээр сар хүртэл хэрэгжих аж. Уг төсөл нь төр, хувийн хэвшил, боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашлаад олон нийт, хүүхэд залуучуудад кибер аюулгүй байдлын тухай зохистой ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой гэнэ.
Төслийн хүрээнд Япон Улсаас урт хугацаанд мэргэжилтэн томилогдон ажиллуулах, дотоод болон гадаад дахь богино хугацааны сургалт зохион байгуулах, Монгол Улсад өндөр ур чадвартай сургагч багш нарыг бэлтгэх, кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилт сургалтын хөтөлбөрийг судалж, боловсруулан, төрийн албан хаагчийн ур чадварыг сайжруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, ШУТИС-ийн Мэдээллийн холбоо, технологийн сургууль хамтарч ажиллах нь.