Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн нутагт ОХУ-ын иргэний жолоодож явсан “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь газар дээрээ нас баржээ. Ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага энэ сарын 3-ны 17.26 цагт тус аймаг дахь Онцгой байдлын газарт ирсний дагуу Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, цагдаагийн газрынхан ослын газарт ажилласан байна. Тэдэнд холбогдох байгууллагынхан “ОХУ-аас Монгол Улсын Орхон аймаг руу 26 тн замын хар тос хүргэхээр тээвэрлэж явсан” гэсэн тайлбар өгчээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр уг тээврийн хэрэгсэл Шаамар сумын нутагт замын уруу хэсэгт явж байгаад онхолдсон аж. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж буй юм байна. Ослын улмаас машиныхаа эд ангид хавчуулагдан орос жолооч нь нас барсныг аврагчид гарган, цагдаагийнханд хүлээлгэн өгсөн гэнэ.
Бэлтгэсэн Г.Орчлон