Ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээг орон нутагт нэвтрүүлж эхэлжээ. Одоогоор Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Орхон, Ховд, Хэнтий гэсэн зургаан аймагт уг эмчилгээг нутагшуулсан байна. Улсын төсвийн 10.8 тэрбум төгрөгийг үүнд зарцуулсан бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийг дээрх аймгууд дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд суурилуулж, эмч, ажилтнуудыг сургаж, мэргэшүүлсэн аж. Энэ төрлийн эмчилгээг өмнө нь зөвхөн нийслэлд, тэр дундаа Улсын гуравдугаар төв эмнэлэгт төвлөрүүлж байсан бөгөөд тэр хэрээр ачаалал, үйлчилгээний хүлээгдэл их байжээ. Харин орон нутагт нэвтрүүлснээр нийслэлийн эмнэлгүүдийн ачаалал багасахын зэрэгцээ хөдөөний иргэд заавал Улаанбаатарыг зорих шаардлагагүй болов. Ангиографийг зүрх, судас, төв мэдрэлийн тогтолцоо, зарим төрлийн хавдрын оношилгоо, эмчилгээнд өргөн хүрээнд ашигладаг. Орон нутгийн эмнэлгүүд одоогоор зүрхний цус хоосрох эмгэг, цочмог шигдээс, тархи, бөөр, хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэгт ангиографийн тусламж, үйлчилгээг ашиглаж байгаа гэнэ. Зүрх, судасны өвчлөл нь сүүлийн 10 гаруй жилд манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй. Орон нутагт эмчилгээний эл технологийг нэвтрүүлэх нь зүрх, судасны өвчлөлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм байна.
Бэлтгэсэн М.Оч