Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр цэцэрлэгийн I шатны цахим бүртгэлийн үр дүн, II шатны цахим бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар нийслэлд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо 113 654 болжээ.
Цэцэрлэгийн элсэлтийн II шатны цахим бүртгэл энэ сарын 10-26-нд зохион байгуулж, 11 078 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирүүлжээ. Одоогийн байдлаар хүсэлт явуулсны дараа цэцэрлэгт элссэн 2 263 хүүхэд бий.
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд өргөө гэр цэцэрлэг, түрээсийн байр, шинэ обьект худалдан авах, байгууллагын цэцэрлэг зэрэг олон хэлбэрээр цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Тодруулбал:
- Эхний өргөө гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдав
-Түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлсэн 71 /7055 ор/ салбар байна
- Бие даасан нэг обьект /240 ор/ худалдан авч, гурван обьект худалдан авахаар ажиллаж байна
- Орон сууцны 1 давхрын 7 талбайг /765 ор/ худалдан авч, 4 салбарыг /325 ор/ худалдан авах ажил үргэлжилж байна.
Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд үргэлжилнэ.