Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын Хууль бус цагаачлал, хилийн хяналтын газрын дэд дарга ноён Хакан Озен тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 25-29-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж байна. Төлөөлөгчдийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр хүлээн авч байгууллагын үйл ажиллагаатай танилцуулан, албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр 2020 оноос үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлэн, төрийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлж буйг онцлоод мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, албан хаагчдыг сургах, туршлага хуваалцах талаар санал солилцлоо.
Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын Хууль бус цагаачлал, хилийн хяналтын газрын дэд дарга ноён Хакан Озен мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж байгаад баяр хүргээд цаашид дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. Энэхүү уулзалтын үр дүнд хоёр байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөн мэдээллийн технологи, хууль бус цагаачлал, хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын Хууль бус цагаачлал, хилийн хяналтын газрын дэд дарга ноён Хакан Озен тэргүүтэй төлөөлөгчид Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сайнзориг, Гадаадын харилцааны яамны Консулын хэлтсийн захирал Б.Болд нартай албан уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын Хууль бус цагаачлал, хилийн хяналтын газрын хилийн шалган нэвтрүүлэх болон хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдэд хяналт тавих, гадаадын иргэдийг албадан гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд тус улсын агаарын нийт 65 боомт, хуурай газрын 38, тэнгисийн 104 боомтод үйл ажиллагаа явуулж байна.