Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд дунджаар 4000 орчин хүн сүрьеэгээр өвчилдөг ба жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчиний улмаас амь насаа алдаж байгаа нь халдварт өвчин дотроо тэргүүлдэг байна. Монгол улс ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн оржээ. Сүрьеэ өвчин дэлхий дахинд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар жилд 10,4 сая хүн сүрьеэгээр өвчилж 1,8 сая хүн нас барж улмаар дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин байсаар байна.
Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэний санаачлагаар ЭМЯ, ХӨСҮТ, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслийн нэгж зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Уулзалтанд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , Сүрьеэгийн эсрэг олон олон улсын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөх Андрей Моснега, Глобаль сангаас Монгол улсын хөтөлбөрийг хариуцсан менежер Аллан Нфемба болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцож “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДЛЫН ҮЕД СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ , ҮЙЛЧИЛГЭЭНД САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ”-хэд дуу хоолой, санал санаачлагаа хүргэх юм.
Монгол улсад сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний үед хувь хүн, өрхөөс гарах зардлын судалгааны үр дүнгээр олон эмэнд тэсвэртэй сүрьеэд өртсөн өрхийн 85%, эмэнд мэдрэг сүрьеэд өртсөн өрхийн 65% санхүүгийн дарамтад орж буй буй зэрэг нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар өвчлөл нас баралтыг бууруулахад бусад салбарын оролцоо хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг харуулж байна. Тус чуулга уулзалтанд аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн төлөөлөгчид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг болон бусад олон улсын байгууллага, үндэсний мэргэжлийн баг хамт олон, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна.