Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Б.Лхагвасүрэн “Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь цар тахлын сөрөг нөлөө бүрэн илааршаагүй, дэлхий нийтэд геополитикийн хямраль нүүрлэж, тодорхой бус байдал давамгайлсан амаргүй цаг үед боловсрууллаа. Иймд эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, түүнтэй уялдуулсан бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтууд дэвшүүллээ” гэсэн байна.
Монголбанкнаас ирэх онд эдийн засаг 4-5 хувиар өснө гэж таамаглажээ. Түүнчлэн инфляц нэг оронтой тоонд орж, ирэх жил зургаан хувийн голчтой, +/-2 хувь байна гэж төсөөлсөн аж. Б.Лхагвасүрэн “Инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан” гэж мөн онцолсон байна. Олон улсын харилцааны төвөгтэй байдал сунжирч, цар тахлын сөрөг үр дагавар үргэлжилж байгаа энэ үед эдийн засгийн гадаад төлбөрийн чадварыг дээшлүүлэх, үнэ ханшийн тогтвортой байдлыг хангахад төсөв, мөнгөний бодлогын харилцан уялдаатай бодлого юу юунаас чухал байгааг Төвбанкныхан дурджээ.