Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцлээ.
Шүүгчид нөлөөлөхөөр оролдсон дээрх тохиолдол нь хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэхтэй нь холбогдуулж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр сүрдүүлэн, гүтгэлгийн шинжтэй үйлдэл гаргаж нөлөөлөхөөр завдсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хоёр тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлэв.
Өмнө нь нэр бүхий шүүгчдээс иргэн С.Т нь шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжилж, зохисгүй байдал гаргасантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан хүсэлт ирүүлснийг хүлээн авч холбогдох хууль, журамд заасны дагуу шүүгчийг төлөөлөн тухайн үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжилж, зохисгүй байдал гаргасан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн удаатай.