Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо. Амаржсан, төрсөн ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг Монгол уламжлал бий. Энэ уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл болсон.
Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог.
Иймээс ЭХЭМҮТ хонины шинэ махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүллээ. Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй , сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос хүргэж үйлчилнэ. Ингэхдээ төрсөн ээжид хүрэх шөл, цай үнэ төлбөргүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн мөн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгнө.
Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авдаг боллоо.