Өөрчлөн байгуулалтын жилүүдэд Армени, Азербайжанд үндэсний хөдөлгөөн өрнөснөөр түүх, соёлын эртний углуургатай зөрчил шинэ эрч хүчийг олсон юм. 1988 оны эцсээр уг зөрчил хоёр улсын хүн амын олонхыг хамарсан байдаг. Үндэстэн хоорондын эв найрамдалгүй нөхцөлд энэ мэт улс төрийн зөрчилд Зөвлөлтийн удирдлага бэлэн биш байсан. Хямралт байдал бий болоход Армени, Азербайжаны аль алийг нь буруутай гэж эрх баригчид үзсэн нь эдгээр улсад коммунизмыг эсэргүүцсэн сөрөг хүчин төрж, өсөхөд хүргэсэн гэж үздэг. 1991-1994 онд энэ сөргөлдөөн Уулын Карабах болон түүний ойр орчимд газар нутгийн хяналтаа тогтоохын төлөөх байлдаан болж хувирав. 1994 оны тавдугаар сарын 5-нд нэг талаас Армени болон хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын БНУ, нөгөө талаас Азербайжан улс эвлэрэх, гал зогсоох Бишкекийн протоколд гарын үсэг зурсан. Тун удалгүй тавдугаар сарын 12-ноос гал зогсоох хэлэлцээрийг үзэглэлээ. Гэлээ ч байдал тэгтлээ намжихгүй, үе үе энд буун дуу гарч л байв. Тэгсээр 2016 оны дөрөвдүгээр сард “Дөрвөн өдрийн дайн” хэмээн түүхэнд нэршсэн томоохон зэвсэгт мөргөлдөөн тус хоёр улсын хооронд боллоо. Үүний эцэст Азербайжаны хувьд ашигтай, газар нутгийн их биш өөрчлөлт гарав. Унтраагүй байсан зөрчил 2020 оны есдүгээр сард дайны хэмжээнд хүрсэн. Тухайн үедээ Зөвлөлт засаг шийдэлгүй орхисноос энэ хүртэл Уулын Карабахын БНУ-ын мэдэлд байсан, урьд нь алдсан нутаг дэвсгэрийнхээ ихээхэн хэсгийг Азербайжан хяналтдаа авлаа.
“Энэ сарын 12-ны орой Азербайжаны арми хил залгаа нутагт нисгэгчгүй онгоцоор дэмжүүлэн их буугаар буудлаа” хэмээн Арменийн Батлан хамгаалах яам мэдээлэв. Хүний амь ч хохирлоо. Сүүлийн үеийн мэдээгээр бол энэ хохирол 100 шахсан байна. Зэвсэгт хүчнийх нь эсрэг өргөн цар хүрээтэй өдөөн хатгалга Арменийн тал хийснээс хариуд нь гал нээсэн гэж Азербайжан мэдэгдэв. Тус улсын Батлан хамгаалах яамны үзэж буйгаар бол Ереван сүүлийн сарын туршид хил дээрх байдлыг тэсвэрлэшгүй болгожээ. Ингэхдээ давшилтын зэвсгээ бөөгнүүлж, Азербайжаны байрлал руу байн байн буудах болсон аж. Азербайжаны зэвсэгт хүчин шөнө дундаас 6-7 чиглэлээр давшилт хийсэн гэж тухайн үедээ Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдээлж байв. Өөрийг нь буруутгасан аливаа мэдээллийг Баку утгагүй зүйл, өдөөн хатгалга гэх мэтээр няцааж, хийсэн үйлдлээ Арменийн дайсагнасан ажиллагаанд аргагүй өгч буй хариу гэж хэллээ.
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян ОХУ, Францын Ерөнхийлөгч рүү утсаар ярьж, олон улсын хамтын нийгэмлэгийг хариу үйлдэл хийхийг уриалав. Пашинян, Путин хоёр байнга, шуурхай холбоотой байхаар тохиролцож, Макрон түгшүүртэй байдлыг цаашид хурцатгахгүй, намжаах нь чухал хэмээн онцлов. Пашинян бас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй ярилаа. “Байдлыг тогтворжуулахын тулд АНУ хүчин чармайлт гаргахад бэлэн байгаа” гэдгийг Блинкен илэрхийлэв. Тэрбээр Нью-Йоркт яриа хэлэлцээр хийсэн Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг есдүгээр сар дуусахаас өмнө дахин уулзахыг санал болголоо. Тэднийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд уулзахад Блинкен байлцсан юм. Орос, Арменийн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Сурен Папикян нар мөн холбогдож, Армени, Азербайжаны хил дээрх байдлыг хэвийн болгохын төлөө хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв.
Армени, Азербайжаны зөрчилдөөн олон жил үргэлжилж буй. Үүнийг өдөөгч нь армени, азербайжанчууд эртнээс зэрэгцэн аж төрсөөр ирсэн Уулын Карабахын газар нутаг юм. Одоо бол Арменид Орос анхаарал тавих боломжгүй байгаа сиймхийгээр Карабахын асуудлыг Туркийн дэмжлэгтэйгээр өөрт ашигтайгаар эцэслэн шийдэх сонирхол Азербайжанд байна.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага хийгээд ОХУ-аас цэргийн тусламж авахдаа эргэлзэж буй учраас Пашинян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд давхар хандсан. Асуудлыг хоёр улсын удирдагчид нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож хундага тулгаж байсан Самаркандад нааштай шийдчих болов уу гэж горьдсон ч бүтсэнгүй. Тэгтэл сарын өмнөөс зарласан айлчлалаа хийхээр энэ сарын 17-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер, Тайваньд айлчлал хийж хэл ам таталснаас хойш олонд бүр ч танил болсон хатагтай Нэнси Пелоси Ереванд морилоод ирдэг байгаа. Тэрбээр өөрийнх нь айлчлал энхийг эрхэмлэсэн, хөгжин цэцэглэж буй ардчилсан Арменид, түүнчлэн тогтвортой, аюулгүй Кавказын бүс нутагт АНУ найртай хандаж байгаагийн илэрхийлэл хэмээн яаравчлан мэдэгдлээ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ивээл дор Армени, Азербайжаны хооронд энхийн хэлэлцээр байгуулах гэж урьд нь бүтэлгүй оролдлого хийсэн зуучлагчдын Минскийн бүлгийг Орос, Францтай хамт даргалдаг АНУ-ын төлөөлөгчийн хувиар Пелоси энэ зөрчилдөөнийг зохицуулахад оролцох бүрэн эрхтэй. Байдлыг ажихад АНУ санаачилгыг Оросоос төдийгүй Европын Холбооноос булаан авахыг хичээж байх мэт. Кавказад байдлыг нь эргэлт буцалтгүй тогтворгүй болгоод Оросыг эндээс шахан гаргахыг америкчууд эрмэлзэж байж ч тун магадгүй юм.
Нэнси Пелоси Арменид байхдаа эдний эрх мэдэлтэй хүмүүсийн, тухайлбал, парламентын дарга Ален Симонян, Ерөнхий сайд Никол Пашинян нарын сонсохыг хүссэн үгийг ер хэлээгүй төдийгүй ганц ч тодорхой асуултад хариулт өгөөгүй. “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас Армени улс гарсан тохиолдолд АНУ түүнд аюулгүй байдлын шинэ тогтолцоо бий болгож өгөх үү” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахын оронд Пелоси барьж байсан микрофоноо өөр хүнд даруйхан шилжүүлсэн гэдэг.
Азербайжаны тал мэдээж Пелосийг Арменийн талыг дэмжсэн байр суурьтай байгаад шүүмжлэлтэй хандсан. Тус улсын Гадаад хэргийн яам “Арменид хийсэн айчлалынхаа үеэр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси бүс нутгийн байдлыг гуйвуулсан мэдээлэл хийсэнд гүнээ харамсаж байна. Азербайжанд хандаж хийсэн түүний үндэслэлгүй, шударга бус зэмлэлийг хүлээж авах боломжгүй” гэсэн мэдэгдэл хийлээ. АНУ-д Конгрессын завсрын сонгууль ойртсон нөхцөлд тус улс дахь Арменийн лоббист хүрээллийн дэмжлэгийг авахад Пелоси энэ айчлалаа ашиглахыг хүссэнд Азербайжаны гадаад улс төрийн байгууллага анхаарлаа хандуулсан нь зүй ёсных юм. Арменийн түрэмгий бодлогыг Пелоси хайхралгүй тэдний суртал нэвтрүүлэг дээр үндэслэн байр сууриа илэрхийлсэн. Энэ нь Армени, Азербайжаны харилцааг хэвийн болгохоор тавьж буй хүчин чармайлтад хүчтэй цохилт боллоо. Нэг талын алхам, үндэслэлгүй энэ мэт мэдэгдэл нь тус бүс нутгийн эмзэг энх амгалан байдлыг бэхжүүлэхэд нэмэр болохгүйгээр барахгүй түгшүүрийг нэмэгдүүлнэ гэж Азербайжан үзэж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Азербайжаны зэвсэгт хүчний салбарууд өнгөрсөн мягмар гарагт гал зогсоох дэглэмийг зөрчин залгаа хил дээр галт зэвсэг хэрэглэлээ гэж Арменийн Батлан хамгаалах яам мэдээллээ. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зась тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын хил дээрх нөхцөл байдал хийгээд байлдааны ажиллагааг намжаахад хэрхэн бэлтгэж буйг судлахаар Арменид иржээ.
Ташрамд хэлэхэд, Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Киргиз, Тажикийн хооронд газар нутгийн маргаанаас үүдэлтэй зөрчил тэмцэл бас өрнөөд байгаа.