Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, ахлах эдийн засагч С.Болд нар өчигдөр “Азийн хөгжлийн төлөв-2022” шинэчилсэн тайланг танилцуулав. Тус банк өмнө нь Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.3 хувиар өснө гэж таамаглаж байсан. Тэгвэл шинэчилсэн тайланд манай улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж, 1.7 хувь байх таамаг дэвшүүлжээ. Түүнчлэн ирэх оны эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрнэ гэж төсөөлж байв. Үүнийг бууруулж, 4.9 хувиар өснө гэж тооцжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооныхон өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, мөнгөний бодлогыг хатууруулах шийдвэр гаргаснаа танилцуулсан. Энэ үеэр 2022 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гурван хувь болгож нэмснээ дуулгасан юм. Өмнө нь эдийн засгийн өсөлт 2.6 хувь байна гэж төсөөлсөн билээ. Санхүүгийн байгууллагуудын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл ийнхүү зөрж байгаа нь анхаарал татаж буй юм.
Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулсан нь хэд хэдэн шалтгаантай аж. Худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаарх хүлээлтээс илүү удаан хугацаанд үргэлжилсэн гэж тэд үзжээ. Мөн өндөр инфляцын улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа гэж дүгнэсэн гэнэ. Худалдаа, үйлчилгээний салбарынхны орлого 30-40 хувиар буурсан гэх албан бус мэдээлэл бий. Түүнчлэн зээлийн эрсдэл, зардал нэмэгдсэнээр олдоц муудах хандлагатай болсон хэмээн үзжээ. Ахлах эдийн засагч С.Болд танилцуулгын үеэр “Банкууд энэ оныг дуустал зээл олголтоо улам хязгаарлах төлөв харагдаж байна” гэж онцлон хэлсэн. Үүнээс гадна мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хатууруулж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулна гэж тооцсон аж. Монголбанк бодлогын хүүгээ хоёр хувиар нэмэгдүүлэн 12-т хүргэсэн. Ингэснээр бодлогын хүүг жилийн өмнөхөөс хоёр дахин чангарууллаа.
АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран “Эдийн засагт сэргэлтийн анхны шинж тэмдэг бий болсон ч ойрын төлөв нь эмзэг бөгөөд тэнцвэргүй байна. Инфляц өндөр түвшинд хадгалагдаж, урсгал дансны алдагдал огцом өсөж байгаа нь богино хугацаанд макро эдийн засгийн тэнцвэрийг хангах бодлогын сорилт, шаардлагыг бий болгосон. Үүний зэрэгцээ эдийн засгийн бүтцийн дунд хугацааны шинэчлэлийг орхигдуулж болохгүй юм” гэв. Тэгвэл ахлах эдийн засагч С.Болд “Төсвийн орлого өсөлттэй явна. Гэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын хэмжээ буурсан. Энэ үзүүлэлт нь бодит эдийн засаг сэргэж эхлээгүйг харуулж байна” гэж ярилаа.