Олон нийтийн сүлжээнд озон эмчилгээний талаарх сурталчилгаа, мэдээлэл цөөнгүй гарах болсон. Тэгвэл уг эмчилгээний үр дүнг шинжлэх ухаанаар баталгаажуулаагүйг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв. Өөрөөр хэлбэл, нотолгоогүй эмчилгээ хийлгэж, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэйг иргэдэд анхаарууллаа. Үр дүнг нь олон улсад хүлээн зөвшөөрсөн эмчилгээг дотоодод нэвтрүүлэхдээ удирдамж, заавар зайлшгүй баталдаг аж. Харин озоны эмчилгээний үр дүн хангалттай биш тул дээрх яамнаас ямар нэгэн удирдамж, заавар батлаагүй гэнэ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл үүний талаар “Аливаа улсад шинэ эмчилгээ нэвтрүүлэхдээ заавал нотолгоонд суурилах ёстой. Озон эмчилгээний талаарх судалгаануудаас үзэхэд, үр дүнгийн нотолгоо хангалттай биш байна. Зарим улс үүнийг огт зөвшөөрдөггүй. Харин зарим нь зөвхөн арьсны эмчилгээнд ашиглаж буй. Тэр ч бүү хэл, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдлууд ч бий. Тиймээс иргэд уг эмчилгээний талаар үнэн зөв мэдээлэлтэй байх шаардлагатай” гэв.