Ховд аймагт хоёр хүн тарваган тахлаар өвчилсөн нь батлагдаад буй билээ.
Тэднээс нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь сайн гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах өчигдөр мэдээлэв. Харин нэг хүн нь нас барсан байна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр тухайн иргэн тусгаарлагдаж байхдаа амиа хорлосон гэнэ. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагынхан түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээс жийрхэж, эмээж байсан аж. Цагдаагийн байгууллагаас эл асуудлаар шалгалт явуулж байгааг эх сурвалж хэлсэн юм. Тухайн хүний ойрын хавьтлын 49 иргэн бий бөгөөд нэг нь Улаанбаатарт ирснийг тогтоожээ. Үүний талаар Н.Цогбадрах “Улаанбаатарт ирсэн хүнтэй холбогдон, тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж буй. Ер нь нийслэлд, хот, суурин газруудад тарваган тахал зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна. Тухайлбал, энэ он гарснаас хойш нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор нийт 827 тарвага оруулж ирэхээр завдсаныг хурааж, шинжилгээ хийсэн. Тарвагыг хавхаар агнасан тохиолдолд халдвар авах эрсдэл хамгийн өндөр байдаг. Тиймээс иргэд уг амьтныг агнахгүй, махыг нь хүнсэнд хэрэглэхгүй байх шаардлагатай. Энэ он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдсэн. Хоёр хүн өвчилсөн нь батлагдлаа. Тарваган тахал бол маш эрсдэлтэй өвчин. Өвчилсөн тохиолдолд нас барах магадлал 30-50 хувьтай” гэв.
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой буюу уг өвчин тархах өндөр эрсдэлтэй. Тэр дундаа байгалийн голомтын аюулын зэрэглэлээр 15 аймгийн 78 сумд эрсдэл өндөр байгааг Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлэв. Тэрбээр “Энэ он гарснаас хойш Баян-Өлгий аймгийн Улаанхус, Бугат, Ногооннуур, Цэнгэл, Сагсай болон Увсын Сагил, Ховдын Мөст сумд мэрэгч амьтдаас сорьц аван, судалгаа хийхэд тарваган тахлын үүсгэгч нян илрүүлсэн. Энэ нь иргэд тарваган тахлаар өвчлөх эрсдэл өндөр байгааг илэрхийлнэ” хэмээлээ.
Бэлтгэсэн М.Оч