“Өргөө” амаржих газрын төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг Молекул биологийн лабораторитой боллоо. НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр уг лабораторийг байгуулсан бөгөөд орчин үеийн, дэвшилт технологийн төхөөрөмжүүдээр тоногложээ. Тухайлбал, “Ковид-19”-өөс гадна бэлгийн замын халдвар, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх зэрэг 22 төрлийн оношилгоо хийх боломжтой аж. Эдгээр тоног төхөөрөмжийг дэлхийд тэргүүлэгч “Seegene” компаниас хоёр жилийн баталгаат хугацаатайгаар нийлүүлсэн байна. Лабораторийг 350 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан гэнэ. “Жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг оношилгоонд хамруулж, бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгч байвал илрүүлж, эрт эмчилснээр эх, нярайн эндэгдлийг бууруулах ач холбогдолтой. Энэ онд “Өргөө”-гөөс гадна “Амгалан” амаржих газар, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ийм лаборатори байгуулахаар болсон. Уг ажил үргэлжилж байгаа, удахгүй ашиглалтад оруулна. Дараагийн ээлжид амаржих газруудад хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн” гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Лабораторид ажиллах мэргэжилтнүүдийг дадлагажуулах үүднээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн өдгөө 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг дэх эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг эмнэл зүйн сургалтад хамруулж байна.
Бэлтгэсэн М.Оч