Хөгжмийн зохиолч, эдүгээ Москва дахь П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторт мэргэжил дээшлүүлэхээр суралцаж буй Б.Энхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолч, найруулагчдын IX уралдааны том хэлбэрийн бүтээлийн төрөлд II байр эзэлжээ. Тэрбээр “Их хааны галын тахилга” симфони сюитээрээ уг шагналыг хүртсэн байна. Шагналыг Москва хотноо ирэх сарын 9-нд хойд хөршийн Хөгжмийн зохиолчдын холбооны байранд, их тайзнаа гардуулах гэнэ. Б.Энхбаяр Монгол Улсын Консерватор төгссөн, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгад хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаад хойд хөршийг зорьсон. Тэрбээр өмнө нь олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдаанаас дөрвөн удаа шагнал хүртсэн байна.