“Монголын алт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумд 960 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орууллаа. Уг сургуулийн барилга нь олон улсын стандартад нийцсэн, эко гэдгээрээ онцлог бөгөөд нийт 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьжээ. Шинэ сургууль нь 30 гаруй танхим, лаборатори, номын сан, спортын болон урлагийн заал, хоолны газар, эмч, сэтгэлзүйчийн өрөөтэй юм байна. Мөн хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид ашиглах боломжтой цахилгаан шат, биеийн тамирын талбайтай. Түүнчлэн гаднах орчных нь тохижилтыг ч хийсэн, цогц, жишиг бүтээн байгуулалт болжээ. Сургуулийн барилгын шавыг 2020 оны есдүгээр сард тавьсан бөгөөд хоёр жилийн хугацаанд барьж дуусган, ашиглалтад оруулав.
Сэлэнгэ аймгийн ИТХ-аас 2020 онд Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын их хурлын депутат Т.Бямбаагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ. Түүний үр хүүхдүүд буюу “Монголын алт” компанийн үүсгэн байгуулагч Б.Нямтайширын гэр бүлийнхэн уг сургуулийн барилгыг шинэчлэх санаачилга гаргаснаа ийнхүү хэрэгжүүлсэн байна. Тус компанийнхан өмнө нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумд 320сурагч хичээллэх багтаамжтай сургууль, 120 хүүхдийн дотуур байр, соёл, спортын төв барьжээ. Мөн Дорноговийн Даланжаргалан сумд 120 хүүхдийн цэцэрлэгийг нийгмийн хариуцлагын хүрээнд барьж, ашиглалтад оруулсан аж.
Бэлтгэсэн М.Оч