Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аар үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ өөрсдөө шалгах боломж бүрджээ. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй “I-Check” төслийн хүрээнд дээрх дүүргийн нэг цонхны үйлчилгээний дэргэд буюу ЗДТГ-ын байрны нэгдүгээр давхарт эрүүл мэндийг автоматаар хянах зориулалттай төхөөрөмжүүд бүхий өрөөтэй болсон аж. Уг өрөөнд даралтын аппарат, цусан дахь хүчилтөрөгчийн агууламж хэмжигч, арьс нэвтлэхгүйгээр цусан дахь сахарын хэмжээг тодорхойлогч төхөөрөмжүүд байрлуулжээ. Иргэд эдгээрийг ашиглан эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ өөрөө шалгах боломжтой. Уг үйлчилгээ нь үнэ төлбөргүй гэдгийг дүүргийн ЗДТГ-ынхан мэдээлэв. Энэ нь иргэд эрүүл мэндээ хянах, эерэг дадал, зуршил хэвшүүлэх, зүрхний шигдээс, харвалт зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд туслах зорилготой юм байна. Уг үйлчилгээг нийслэлийн хэмжээнд Сүхбаатар дүүргээс ийнхүү эхлүүлсэн бөгөөд цаашид аль болох олон газарт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн М.Оч