Баянгол дүүргийн спорт цогцолборын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг өчигдөр эхлүүлжээ. Хүн амыг эрүүлжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор дүүрэг бүрт спорт цогцолбор барин, өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Тэгвэл Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн үйл ажиллагааг ийнхүү нээсэн байна. Тус төвийг долоо хоногийн зургаан өдөрт усанд сэлэлтийн сургалт, ням гарагт чөлөөт хөтөлбөртэйгөөр ажиллуулах бөгөөд насанд хүрэгчид нэг сар суралцахад 120 000, хүүхэд 80 000 төгрөгийн төлбөр төлөх аж. Мөн сэлж сурахыг хүсвэл сонирхогч, анхан, дунд, гүнзгий гэсэн ангиллаар хичээллэж болох ба харьяа дүүргийн төрийн байгууллагын ажилтан, ажилчдыг хөнгөлөлттэй үнээр сургах боломж бүрдүүлэхээр зорьж буй гэнэ.