Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг энэ сарын 15-28-нд манайд ажиллаж байна. Тус ажлын хэсгийн эхний уулзалт өчигдөр Сангийн яаманд болох үеэр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын тухай товч танилцуулж, энэ жилийн төсвийн гүйцэтгэл, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгчээ. Дээрх ажлын хэсгийнхэн цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, төсөв, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор холбогдох газар, нэгжийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийх аж. Тодруулбал, Сангийн яам болон Монголбанк, бусад яам, зарим агентлаг, мөн хувийн секторын төлөөллүүдтэй уулзах нь. ОУВС-гаас гишүүн орнууддаа тогтмол хийдэг энэхүү Дүрмийн IV заалтын ажлын хэсгийн уулзалтын эцэст бодлогын зөвлөмж бүхий тайлан боловсруулж, тус сангийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа хэвлэлийн мэдэгдэл гаргаж олон нийтэд танилцуулдаг байна.
Бэлтгэсэн Б.Сонор